Бразили
улс төрт ёсны түүхэндээ нийтдээ долоон үндсэн хууль мөрдөж ирсэн байх юм. Өнөөгийн
үндсэн хууль 1988 оны аравдугаар сарын 5 нд батлагдсан долоо дахь үндсэн хууль
болно.
1822
онд Бразили улс Португалийн ноёрхлыг түлхэн унагаж, эзэнт гүрнийг тунхагласан
түүхтэй. 1814 оны Францын, 1822 оны Портулгалийн үндсэн хуулиас үлгэр авч эзэн
хаан I
Пэдро анхны үндсэн хуулийг боловсруулсан байдаг. Үзэл санааны хувьд либерал
өнгө аяс хадгалсан уг хууль эзэн хаанд улс орноо удирдах, нийгмийн дэг журмыг
хангах боломж олгосоноороо онцлогтой юм.
1824
оны үндсэн хууль төрийн эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгох, шууд бус сонгуулийн
тогтоцыг төлөвшүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан гэж үздэг. Төрийн эрх мэдлийг
хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх, хяналтын гэх дөрвөн хэсэгт хуваарилсан байна. Үүний
зэрэгцээ улсын тэргүүн эзэн хаанд засгийн газар, хууль тогтоох хурлыг тараах,
төрийн өндөр албан тушаалтныг томилж, чөлөөлөх тэргүүтэн өргөн эрх эдлүүлэхээр
тусгасан байна.
Сэцдийн
Зөвлөл гэж нэрлэгдсэн эзэнт улсын хууль тогтоох хурал хоёр танхимтай.
Төлөөлөгчдийн Танхим буюу доод танхим байхын зэрэгцээ доод танхимаас гаргаж
өгсөн саналыг дагуу эзэн хаанаас томилогдсон сенатороос бүрдэх Сенатын
Танхим буюу дээд танхим байна.
Эзэн
хаан I
Пэдро улсын анхдугаар үндсэн хуулийг 1824 оны гуравдугаар сарын 25 нд баталж,
Сэцдийн Зөвлөлийг 1826 оны тавдугаар сард хуралдуулж байжээ. Сүүлээр уг үндсэн
хуульд 1834 оны наймдугаар сарын 12 нд, 1840 онд, 1841 онд тус тус нэмэлт
өөрчлөлт орж байжээ.
1889
оны арваннэгдүгээр сарын 15 нд Бразили улсад хаант засгийг түлхэн унагаж, бүгд
найрамдах засгийг тогтоожээ. Деодори да Фонсека тэргүүтэй түр засгийн газар
юуны түрүүнд шинэ үндсэн хуулийн төсөл боловсруулах Үндсэн Хуулийн Хороог
байгуулсан байна. Үндсэн Хуулийн Хороо
АНУ-ын үндсэн хуульд тулгуурласан хуулийн төслөө эцэслэн боловсруулж, 1891 оны
эхээр өргөн барьжээ. Мөн оныхоо хоёрдугаар сарын 24 нд бүгд найрамдах улсын
анхны үндсэн хууль батлагдаж гарсан түүхтэй. Уг үндсэн хуульд 21 нас хүрсэн
эрчүүдийн шууд санал хураалтаар дөрвөн жилийн хугацаатай сонгогдсон
ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч улсын дээд эрх атгагчийг үүргийг хадгална хэмээн
заасан байна. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх эрх мэдлийг ерөнхийлөгч тэргүүлэх болсон
хэрэг юм.
Засгийн
газрын сайд нарыг ерөнхийлөгч томилно. Хууль тогтоох хурал буюу Улсын Хурал
Сенат, Төлөөлөгчдийн Танхим гэх хоёр танхимаас бүрдэнэ. Сенат нь муж улс бүрээс
9 жилийн хугацаагаар гурван сенатор төлөөлүүлэн суулгах хэлбэрээр зохион
байгуулагдсан бол Төлөөлөгчдийн Танхим нь хүн амын тоотой хувь тэнцүүлэн гурван
жил тутамд сонгогдох гишүүдээс бүрддэг байна. Шүүх эрх мэдэл нь дээд шүүх болон
доод шатны шүүхээс бүрдэнэ. Ерөнхийлөгч шүүхийн шүүгчийг бүх насаар нь томилно.
Бразили
улсад арчиллын чанарын үзүүлэлт өндөр байгаагийн нэг шалтгаан нь үндсэн хуулийн
хүрээнд хүний эрх, эрх чөлөөг, тэр дундаа шүтэн бишрэх эрх чөлөөг тусгай
бүлгийн хэмжээнд нарийвчлан зохицуулж өгсөнд оршино.
Ийнхүү
бүгд найрамдах улсын анхдугаар үндсэн хуульд төрийн эрх мэдлийн чанад
хуваарилалт бүхий ерөнхийлөгчийн засаглалыг хуульчлан тогтоосон байх бөгөөд
дараа дараагийн үндсэн хуулиудад хаяалбар нөлөө нь хадгалагдсаар ирсэн байна.
1930 онд Бразили улсад хувьсгал дэгдэж, улсын түр
тэргүүний хувиар Жэтулиу Варгас засгийн эрхэнд гарсан юм. Төрийн эрх мэдлийн бүх
байгууллагыг тарааж, үндсэн хуулийн үйлчлэлийг тасалдуулсан байна. Түр засгийн
газар журам, тогтоол дээр тулгуурлан улсын хэргийг хөтлөн явуулж байв.
1932 онд Сан-Пауло муж улсад үндсэн хуулийн хувьсгал
гэж нэрлэгдсэн бослого дэгдсэн байна. Босогчдын гол шаардлага нь шинэ үндсэн
хууль боловсруулах асуудал байв. Хувьсгал дарагдсан боловч Варгасын засгийн
газар жилийн дараа шинэ үндсэн хуулийн төсөл боловсруулах Үндсэн Хуулийн Хороог
байгуулсан байна.
Бразилийн шинэ үндсэн хууль 1934 оны долдугаар сарын
16 ны бүх ард түмний санал асуулгаар сайшаагдсан юм. Сонгуулийн эрхийг
төгөлдөржүүлэх, эмэгтэйчүүдэд сонгуулийн эрх олгох, хөдөлмөрийн болон цэрэг
армийн үйл ажиллагааг сайжруулах, түүнийг нь хангаж ажиллах чиг үүрэг бүхий үр
дүнтэй шүүх тогтолцоо бүрдүүлэх зэрэг олон асуудлыг хам байдлаар зохицуулсан
байна. Үүний зэрэгцээ улсын бодлого боловсруулах, төлөвлөх, эдийн засгийн
амьдралыг зохион байгуулахад ерөнхийлөгч өргөн эрхтэй байхаар тусгасан байдаг.
Үндсэн хуульд холбооны бүгд найрамдах улсыг ёсчилсон.
Улсын тэргүүн ерөнхийлөгчийг бүх ард түмний санал хураалтаар дөрвөн жилийн
хугацаатай улируулан ажиллуулах эрхгүйгээр сонгохыг заасан байна. Чиг үүргийн
хувьд ерөнхийлөгч сайд нарын кабинетыг удирдана. Дэд ерөнхийлөгчийн албыг үгүй
хийсэн. Хууль тогтоох хурал дөрвөн жлийн хугацаагаар сонгогдох хоёр танхимтай
болохыг зүйчилсэн.
Коммунист заналхийлэл гэдгээр шалтаглан Жэтулиу Варгас
1937 оны арваннэгдүгээр сарын 10 нд ерөнхийлөгчийн сонгуулийг цуцалж, улсад
дарангуй засаг тогтоосон. Бразилид шинэ улсыг (Эстадо Ново) тунхаглаж, үндсэн хууль гаргасан (Үүнээс
санаа авч Польшийн үндсэн хууль гарсан).
Өмнөх үндсэн хуулиудаас ялгаатай нь холбооны улсын
засгийн газарт ихээхэн эрх мэдэл төвлөрүүлсэн байдаг. Сенаттай зэрэгцээд муж
улс бүрийн Төлөөлөгчдийн Танхим, ерөнхийлөгчөөс хэсэгчилсэн байдлаар сонгогдсон
Холбооны Зөвлөл хэмээх институт бий болгосон. Засаг төрийн эрх мэдлийн нэг төвд
төвлөрүүлэх хандлага Төрийн Албаны Хэлтэс байгуулснаар илэрхий болсон. Уг
байгууллагын үндсэн чиг үүрэг нь улсын ашиг тусад нийцүүлж бодлого, үйл
ажиллагааг санхүүжүүлэх хөрөнгө, мөнгийг төсөвлөх, зохицуулахад оршиж байсан. Уг
байгууллага ерөнхийлөгчийн хяналт дор үнэн чанартаа захиргааны эрх мэдлийг гартаа
төвлөрүүлэх болсон.
1945 оны аравдугаар сарын 29 нд Варгасыг түлхэн
унагаж, үүний дараа зохион байгуулагдсан ерөнхийлөгчийн сонгуульд өрлөг жанжин
Эурико Гаспар Дутра ялалт байгуулсан байна. Засаг төрийн эрхэнд гарсны дараа
Дутра шинэ үндсэн хуулийн төсөл боловсруулах Үндсэн Хуулийн Конгресс
байгуулсан. Тухайн үеийн ардчиллын хүрсэн төвшинд нийцүүлж 1946 оны үндсэн
хууль гарсан бөгөөд есдүгээр сарын 18 нд нийтлэгдсэн байна. Ерөнхийлөгчийн шууд
сонгуулийн зарчмын зэрэгцээ түүний бүрэн эрхийн хугацааг 5 жил байхаар заасан.
1934 онд үгүй хийсэн дэд ерөнхийлөгчийн албыг шинэ үндсэн хуулиар сэргээсэн
байна.
Үүнээс гадна, уг үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөө,
тэр дундаа хэвлэн нийтлэх, үг хэлэх, хууль бус баривчилгаанд өртөхгүй байх, өмч
хөрөнгөө хамгаалуулах зэрэг эрхийг хуульчилсан байна. Коммунист намаас бусад
бүх намын үйл ажиллагааг сэргээсэн.
1964 онд Бразилийн ардчилсан засгийн газрыг цэргийнхэн
түлхэн унагаж, засаг төрийн эрхэнд гарсан. 1967 оны нэгдүгээр сарын 24 нд шинэ
үндсэн хууль гаргасан.
1967 оны үндсэн хуулийн нэг онцлог нь муж улсын эрх
мэдлийг төв засгийн газарт төвлөрүүлэхийг чухалчилсанд оршино. Өөрөөр хэлбэл,
холбооны улсын ерөнхийлөгчийн эрх мэдлийг өндөрт авч үзсэн байна. Бүх ард
түмний сонгуулиар сонгогддог байдлыг халж, муж улсын хууль тогтоох хурлын
төлөөлөгчид болон Улсын Хурлаас бүрдсэн Сонгогчдын Коллеги улсын тэргүүнийг
сонгож байхаар тогтсон.
Засгийн эрхэнд байсан цэргийнхний хүчтэй шахалтаар
1969 оны аравдугаар сарын 17 нд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж,
ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг дөрвөн жилээс таван жил болгож өөрчилсөн
байна. Үүнээс гадна, хууль тогтоох хурлын эрх мэдлийн хумиж, муж улсын амбан
захирагчдыг шууд бус аргаар сонгож байхаар хуульчилсан.
Цэргийн дарангуй засаг унаж, Бразилийн нийгэм ардчилагдаж
эхэлснээр 1985 оны гуравдугаар сард засаг төрийн эрхэнд Жозэ Сарнэй сонгогдсон
байна. Долдугаар сарын 18 нд үндсэн хуулийн өөрчлөлт хариуцсан түр хороо байгуулах
тухай түүний захирамж нийтлэгдсэн. Уг байгууллагын бүрэлдэхүүнд нийтдээ нэр
цолгорсон 49 хуульч оролцсон бөгөөд тэдгээрийн дотор коммунист зохиолч Жоржи
Амада орж байв. Хорооны зүгээс үндсэн хуулийн төсөл боловсруулж, барууны, зүүний
намуудын дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн байх юм. Гэвч 1987 онд хуралдсан Үндсэн
Хуулийн Хурал уг төслийг няцаасан байна. Тэдний зүгээс зарчмын шинэ санаачлага
гаргасан нь бүх ард түмний санал асуулга зохион явуулах байв. Бүтэн сарын
хугацаанд үргэлжилсэн санал асуулгаар 12 сая сонгогчийн гарын үсэг бүхий 10.000
орчим санал гарсан байдаг. Үндсэн хуулийн эцэслэн найруулсан төсөлд ард түмний
122 саналыг тусгасан байна.
Үндсэн Хуулийн Хурал төслийг 1988 оны есдүгээр сарын
22 ны хурлаар баталсан юм. Долоо дахь үндсэн хууль гишүүдийн олонхийн санал авч
аравдугаар сарын 5 нд орон даяар мөрдөгдөж эхэлсэн байна.
Нийтдээ 250 зүйл бүхий уг төсөл үзэл баримтлалын хувьд
туйлын шинэлэг байв. Гүйцэтгэх эрх мэдлээ хууль тогтоох эрх мэдэл хянах,
байгаль орчноо хамгаалах тэргүүтэн олон шинэлэг санааг тусгасан байна. Бичвэрийг
товчилбор байдлаар хураангуйлан өгүүлэхэд ийм болой.
ТОЛМОЧИЛОН БУУЛГАСАН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН
НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН
ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР
No comments:
Post a Comment