§ 1. ИСПАНЫ ҮНДСЭН ХУУЛИЙН ТҮҮХ
Иберийн хойгт оюун ухаант хүн амьдарч эхэлсэн нь НТӨ 15-10 дахь
мянган жилийн үед хамаарна. Испани хэмээх үг нь финик хэлний «и-шпаним» буюу «далайн эргийн
суурин» гэх утгыг илэрхийлнэ. Сүүлээр Ромчууд тэднийг олон тоон дээр Hispaniae
хэмээн дуудах болжээ.
НТӨ I дэх
мянган жилийн үед Испанид Финикчүүд нэвтэрч, Гадэр гэж нэрлэгдэх өнөөгийн
Кадис хотыг үүсгэн байгуулсан. Сүүлээр Карфаген хот улс мандахын цагт Гадэр
балгасны нөлөө суларч Финикчүүдийн хязгаар нутаг төдий үлдсэн байх юм. Удалгүй
Пунийн дайнаар Карфаген хот улсыг Ромчууд буулган авч Иберийн хойгийг өөрийн
нутаг дэвсгэрт оруулсан байна.
Испани улс нь үндсэн хуульт байгууллын нарийн ээдрээтэй, урт удаан
замналыг туулсан түүхтэй бөгөөд Европ тивийн бусад орнуудаа бодвол фашист
дэглэм харьцангуй тогтвортой хадгалагдаж байсан болно. Өөрөөр хэлбэл, XX зууны
70-аад оны дунд үе хүртэл энэ улс фашист дэглэмтэй явж иржээ. Энэ үеийг хүртэл
агуулга, чиглэлийн хувьд харилцан адилгүй 1812, 1831, 1834, 1837, 1845, 1869,
1876 оны үндсэн хуулийг баталж байжээ. Эдгээрт тухайн цаг үеийн нийгэм-эдийн
засаг, улс төрийн хөгжлийн онцлог шинжүүд тусгагдсан байдаг.
XX зууны 70-аад оны хоёрдугаар хагасаас Испанид нийгэм-улс төр,
эдийн засгийн амьдралын бүхий л хүрээг хамарсан өргөн хүрээтэй ардчилсан
өөрчлөлтийг хэрэгжүүлсэн юм. Уг үйл явц иргэний дайнд бүгд найрамдахчууд
ялагдал хүлээсний үр дүнд тогтсон генерал Франкогийн 36 жилийн дарангуйлалд цэг
тавьсан байна. Шинэ улс төрийн тогтолцоонд шилжин орохтой холбоотойгоор
ардчилсан уламжлал байхгүй, төрийн болон улс төрийн хүрээнд франкизм хүчтэй
байсан зэрэг шалтгаанаар багагүй хүндрэлтэй тулгарсан юм. Генерал Франкогийн
дэглэмийн үед удирдлагын арга барил хүчтэй удирдагч шүтэх үзэл, төрийн
удирдлагын төвлөрсөн байдал, хүний суурь эрх, эрх чөлөө үндсэн хуулийн хүрээнд
баталгаажаагүй байсан зэрэгтэй холбогдож байв. Төрийн эрх мэдлийн цорын ганц эх
сурвалж нь хууль гаргах, дайтах, найрамдах зэрэг хязгааргүй эрх эдлэж асан
дарангуйлагч Ф.Франко болж байлаа.

Улс орныг удирдан чиглүүлэх үүрэгтэй засгийн газар каудильо буюу
удирдагчийн бүрэн хяналтад байв. Франко төрийн ямар нэгэн байгууллагын
зөвшөөрөлгүйгээр сайд нар болон төрийн өндөр албан тушаалтнуудыг томилох юм уу
чөлөөлдөг байв. Төрийн тэргүүний хувьд засгийн газрын тэргүүнийг хавсран хашиж
байжээ. Тэрээр засгийн газрын үйл ажиллагаанд чиглэл өгч, улсын гадаад, дотоод
бодлогыг тодорхойлохын зэрэгцээ засгийн газрын хуралдаанд хүссэн цагтаа сууж,
сайд нарыг өөрийн үзэмжээр томилж чөлөөлөх эрхтэй байв.
Франко Кортес буюу хууль тогтоох хурлаас гаргасан хууль
тогтоомжийг батлах эсвэл няцаах, буцаан хэлэлцүүлэгт оруулах бүрэн эрхтэй.
Хууль тогтоох хурал нь хууль боловсруулах, баталж гаргах эрхээ улсын тэргүүн
каудильотой хуваалцана.
Үүнээс гадна, хууль санаачлах эрх ихэнхдээ засгийн газар, түүний
тэргүүнээс гарах бөгөөд энэ тохиолдолд хууль тогтоох хурал нь бэлгэдлийн
чанартай болж хувирдаг байна. Испаны хууль тогтоох хурал Кортес нь эрх, үүргийн
хувьд хязгаарлагдмал шинжтэй байх бөгөөд бүтэц, бүрэлдэхүүн нь бүс нутаг, орон
нутгийн төлөөллийг тэгш хэмтэй оруулах бус, харин засгийн газрын тэргүүн
генерал Ф. Франкогийн санал болгосон төлөөллөөс бүрдэх замаар бий болдог байжээ.
Зарим тохиолдолд сайд нар, их сургуулийн захирал зэрэг албан тушаал харгалзсан
төлөөлөл оруулдаг байв.

Франкогийн дэглэмийн үеийн үндсэн хууль нь тулгуур
хууль гэж нэрлэгдэх янз бүрийн цаг хугацаанд гарсан хэд хэдэн хуулийн
эмхэтгэлээс бүрдэж байв. Эдгээрт “Хөдөлмөрийн тунхаг”, “Кортес
байгуулах тухай хууль”, “Төрийн тэргүүний албан тушаал бий болгох тухай
хууль”, “бүх нийтийн санал хураалтын тухай хууль” болон бусад эх
сурвалж багтдаг байна. Эдгээр хууль тогтоомж нь засгийн газрын
захирамжид нийцүүлж Испаны иргэний эрх, эрх чөлөөг зохицуулах боломж олгож
байснаараа онцлог юм.
Кортес, ард түмний санал хураалтын хуулийн зорилго нь төлөөллийн
болон шууд ардчиллын зарчмыг нэвтрүүлэх замаар улс оронд тогтсон дарангуй
дэглэмийн жинхэнэ мөн чанарыг нуун далдлахад чиглэгдэж байжээ. Энэ ч зорилгоор
1947 оны улсын тэргүүний албан тушаал бий болгох тухай хуулийг санаачлан
баталсан юм. Өөрөөр хэлбэл, энэ үеийг хүртэл засаглалын ямар хэлбэр Испанид
оршин тогтнож байгааг зүйлчилсэн эрх зүйн бүрдүүлбэр байсангүй гэж хэлж болно.
Саяын дурдсан хууль ёсоор Испанид эзэн хаант засаглалын хэлбэрийг тогтоосон
байна. Үнэн чанартаа улсын тэргүүний эрхийг генерал Ф. Франко атгаж байсан тул
эзэн хаангүй эзэн хаант засаг байв.
Каудильо буюу генерал Ф. Франког үхсний дараа Испаны төр-нийгмийн
амьдралыг ардчилах үйл явц эхэлсэн байна. Улс төрийн тэргүүлэх хүчин, дарангуй
дэглэмийн тулгуур Үндэсний Хөдөлгөөн Нам тарж, оронд нь ардчилсан улс төрийн
хүчин, үйлдвэрчний эвлэл бий болсон байна. Төрийн эрх мэдлийн дээд шатны
байгууллагын бүтцэд өөрчлөлт оруулж, олон намын тогтолцоо, иргэний эрх, эрх
чөлөө хөгжих эхлэл болсон улс төрийн шинэтгэлийн тухай хууль (1976 он), сонгуулийн эрхийн захирамж (1977 он) зэрэг нь ардчилах үйл явцын цаашдын
хөгжилд үлэмжхэн нөлөө үзүүлсэн байна.

Хууль тогтоох
хурал буюу Кортесийг сонгох анхны ардчилсан сонгууль 1977 онд болж өнгөрсөн
бөгөөд уг сонгуульд ардчилсан намууд (Ардчилсан төвийн холбоо, Испаны социалист ажилчны нам болон бусад
улс төрийн намууд)
ялалт байгуулсан байдаг. Шинээр эмхлэгдэн байгуулагдсан Кортес улсын үндсэн
хууль боловсруулах, батлуулах асуудлыг чухалчилсан байна. Ингээд Төлөөлөгчдийн
Конгресс 1977 оны долдугаар сард 36 гишүүнээс бүрдсэн Үндсэн хуулийн хороо
гэгчийг байгуулсан байна. Уг хорооны бүрэлдэхүүнд Конгресст суудал авсан
тоондоо нийцүүлж Ардчилсан төвийн холбоо (17 гишүүн), Испаны социалист ажилчны нам (13 гишүүн) давамгайлсан байдлаар оролцжээ. Хороо
нийтдээ үндсэн хуулийн төсөл дээр жил гаруй хугацаанд ажилласан байна. Кортесийн
хоёр танхим төслийг эцэслэн баталснаар үндсэн хуулийн төслөөр Испанид бүх ард
түмний санал асуулга явуулсан байна. Үндсэн хуулийн төслийг 1978 оны
арванхоёрдугаар сарын 6 нд Испаны иргэдийн үнэмлэхүй олонх буюу 87,8%
дэмжсэнээр сайшаагдсан байдаг. Эзэн хаан гарын үсэг зурснаар үндсэн хууль 1978
оны арванхоёрдугаар сарын 29 нд төрийн албан ёсны хэвлэлд (Болетин офисиаль дель Эстадо) хэвлэгдэн хүчин төгөлдөр мөрдөгдөж
эхэлжээ.
§ 2. ҮНДСЭН ХУУЛЬ
Испаны үндсэн хуулийн агуулгад Европын бусад ардчилсан орнуудын
үндсэн хуулийн хэм хэмжээ тодорхой төвшинд нөлөөлөл үзүүлсэн байдаг.
Тухайлбал, 1947 оны Италийн, 1949 оны ХБНГУ-ын үндсэн хууль засаг
захиргаа-нутаг дэвсгэрийн нэгж, иргэний эрх, эрх чөлөө, үндсэн хуулийн шүүхийн
тухай хэсэгт, 1975 оны Шведийн болон Скандиновын бусад орнуудын үндсэн хууль
ард түмнийг хамгаалагч институт болох төрийн тэргүүний эрх зүйн байдлын хэсэгт
нөлөөлөл үзүүлсэн байдаг.
Үндсэн хуулийн олон санаа үндсэн хуулийн эрх зүй дээр тулгуурласан
олон олон салбар хуулиудад тусгагдсан байдаг. Бүх ард түмний санал хураалтын
төрөл, зүйчлэлийн тухай, үндсэн хуулийн шүүхийн тухай, ард түмний хамгаалагчийн
тухай, шүүх эрх мэдлийн ерөнхий зөвлөлийн тухай, төрийн зөвлөлийн тухай, шашны
эрх чөлөөний тухай, эвлэлдэн нэгдэх үйл ажиллагааг хянан зохицуулах тухай зэрэг
олон хуулийг энд дурдаж болох байна.
Өөрчлөн найруулах дэгийн хувьд Испаны үндсэн хуулийг туйлын хатуу
хууль хэмээн судлаачид онцолсон байдаг. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах
асуудлыг “Үндсэн хуулийн шинэтгэлийн тухай” гэх 10 дугаар бүлгээр
зохицуулсан байна. Хууль санаачлах эрх засгийг газар, төлөөлөгчдийн конгресс,
өөртөө засах эрх бүхий бүс нутгийн хурлуудад хадгалагдана. Үндсэн хуулийг
өөрчлөн сайжруулах хуулийн төслийг Кортесийн хоёр танхим хэлэлцэн баталсан байх
ёстой бөгөөд танхим бүрийн гишүүдийн тавны гурав буюу олонх зөвшөөрсөн
тохиолдолд хэлэлцэн батална. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар
Кортесийн хоёр танхим санал зөрөлдсөн бол уг саналыг Сенат буюу дээд танхимийн
бүх гишүүдийн, Төлөөлөгчдийн Конгресс буюу доод танхимийн нийт гишүүдийн
гуравны хоёрын дэмжлэг авсан тохиолдолд баталж болно. Хоёр танхим сайшаан
баталснаас хойш 15 хоногийн дотор нийт ард түмний санал хураалтаар хэлэлцүүлэх
журамтай.

Үндсэн хуулийг бүхэлд нь болон хэсэгчилсэн байдлаар, ялангуяа
“иргэний эрх, эрх чөлөө”, “эзэн хааны” тухай гэх хэсэгт хамаарал бүхий нэмэлт
өөрчлөлт оруулах санал гаргавал хоёр танхимийн нийт гишүүдийн гуравны хоёрын
саналаар сайшаагдсан байх ёстой. Сайшаагдсан тохиолдолд Ерөнхий Кортес бүрэн
бүрэлдэхүүнээрээ тарна. Дахин сонгогдож байгуулагдсан танхимууд шинэ үндсэн
хуулийн төслийг танхим бүрийн гишүүдийн гуравны хоёрын дэмжлэгээр сайшааж болох
бөгөөд ингэснээр бүх ард түмний санал хураалтаар эцэслэн шийдвэрлэнэ. Үндсэн
хуулийн 116 зүйлд заасан байдал, эсвэл дайн бүхий байдал, аюулт байдал, онц
байдал зарласан үед үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хориотой.
1978 оны Испаны үндсэн хууль нь агуулгын хувьд 10 бүлэг, 169 зүйл,
нэмэлт бүрдлээс тогтоно. Үндсэн хуулийн тунхаг хэсэгт Испаны ард түмний нэрийн
өмнөөс ард түмний хөгжил цэцэглэлтийг хангахын зорилгоор бүх нийтийн сайн
сайхан байдал, аюулгүй байдал, эрх чөлөө, шударга ёсыг тогтоох шаардлага
байгааг дурдсан байна.
Тэрчлэн шинэ улсын хөгжлийн зорилго нь нийгэм, эдийн засгийн
шударга ёсонд нийцүүлж ардчилсан байдлаар зэрэгцэн орших, хууль ёсыг дээдлэх,
иргэний эрх, эрх чөлөөг хангах, дэвшил хөгжил, соёл, эдийн засаг бүхий эрх зүйт
төрийг тогтоох, тэргүүний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, улс түмнүүдийн
дунд энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулах хэмээн заасан байна.
Үндсэн хуульд Испани улс нь эрх чөлөө, шударга ёс, тэгш байдал,
улс төрийн олон ургальч санааг дээд үнэт зүйлсээ хэмээн зөвшөөх эрх зүйт,
нийгмийн ардчилсан улс мөн гэж заажээ. Үүний зэрэгцээ үндсэн хуульт хаант
засаглалын хэлбэрийг хуульчилсан байна. Үндэсний бие даасан байдлын баталгаа
Испаны ард түмэн мөн бөгөөд засаг төрийн бүх эрх мэдэл ард түмнээс эхтэй гэжээ.
Эв санааны нэгдлийн зарчмаар холбогдсон Испаны бүрэдлэхүүн дэх аливаа үндэстний
өөртөө засан тохинох, бие даах эрхийг хүндэтгэнэ гэжээ. Улс төрийн олон ургальч
байдлыг улс орны суурь үндэс гэсэн байна. Энэ зарчимд тулгуурлан улс төрийн
намууд засаг төрийн эрхийг ээлжлэн барихын зэрэгцээ ард түмний оролцоог хангах
үүрэгтэй. Үндсэн хуульд намууд үүсэх үйл явц, түүний үйл ажиллагаа, зохион
байгуулалтын ардчилсан шинжийг нарийвчлан заасан байна. Түүнчлэн үйлдвэрчний
эвлэл, үйлдвэр эрхлэгчдийн холбоо зэрэг сайн дурын байгууллагуудад нэгэн адил
үйлчилнэ гэжээ. Үндсэн хуулийн долдугаар зүйлд зэвсэгт хүчний гол зорилго нь
Испаны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутаг, үндсэн хуульт
байгууллын халдашгүй дархан баталгаа мөн гэж дурджээ. Ингэхдээ зэвсэгт хүчний
зохион байгуулалтыг үндсэн хуульд нийцүүлж тусгай байгууллага тодорхойлно гэсэн
байна (Баглай, 2004, хуудсд. 578-580).
§ 3. ИРГЭНИЙ ҮНДСЭН ЭРХ, ҮҮРЭГ
Испаны үндсэн хуульд иргэний эрх, эрх чөлөөний тухай нэлээд
тодорхой зааж өгсөн байна. Өөрөөр хэлбэл, энэ талаас нь авч үзвэл Испаны үндсэн
хууль Европ тивдээ хамгийн ардчилсан эрх зүйн бүрдүүлбэр гэж үзэж болох юм. Урт
удаан хугацааны туршид Франкогийн дарангуй засгийн нөлөөгөөр эрх чөлөөгүй байж
ирсэн нь үндсэн хуулийн иргэний эрх, эрх чөлөө гэсэн
хэсэгт онцгой ач холбогдол өгөхийн угтал болжээ. Хууль ёсыг хүндлэх, бие хүний
эрх чөлөөт хөгжлийг эрхэмлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх нь социаль ертөнц,
улс төрийн байгууллын үндэс гэж заасан нь яав ч тохиолдлын шинжтэй хэрэг биш
байв. Үндсэн хуулиас гадна Испани улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлцэл,
хүний эрхийн түгээмэл тунхаглал зэрэг нь иргэний эрх, эрх чөлөөг бататган бэхжүүлэх
чухал хэрэглүүр болдог байна. Засаг төрийн эрх мэдлийн зүгээс хүний язгуур эрх,
эрх чөлөөг хангах, иргэн хүн улс төр, эдийн засаг, соёл, нийгмийн амьдралд
оролцох эрхээ эдлэх нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй.
Үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөөг өргөн хүрээгээр
баталгаажуулсан байна. Хүн бүр амьд явах, халдашгүй дархан байх, ямар нэгэн
ялгаварлалд өртөхгүй байх бүрэн эрх чөлөөтэй. Дайн бүхий үед цэргийн гэмт хэрэг
үйлдсэнээс бусад тохиолдолд хүнд цаазаар авах ялыг хэрэглэж үл болно. Үзэл
бодлоо илэрхийлэх, шашин шүтэх, эс шүтэх, эвлэлдэн нэгдэх эрхийг үндсэн хуулиар
зүйлчилсэн байна. Хэнийг ч үзэл бодол, шашин шүтлэгийн улмаас ялгаварлан
гадуурхаж үл болно.
Үндсэн хуульд төр, сүм хийдийн харилцааны асуудалд нэлээд нухацтай
хандсан байна. Хэдийгээр Испаны нийгмийн уламжлалт шашин католиг шүтлэг боловч
аль нэг шашинд давуу байдлаар хандах, төрийн хэмжээнд авч үзэх учиргүйг заасан
байна. Уламжлалт католиг шүтлэгт оронд үндсэн хуулийн уг заалт онцгой ач
холбогдолтой байсан юм.
Шашин, шүтлэгийн асуудлаарх үндсэн хуулийн заалтыг 1980 оны
долдугаар сарын 5 нд гаргасан “Шүтэн бишрэх эрх чөлөөний тухай” гэх
хуульд нарийвчлан тусгасан байна. Испани улсад шашин шүтэх, эс шүтэх, өөр
шашныг дотночлох явдалд төр баталгаа гаргана хэмээн заасан байна. Шашин
шүтлэгээр ялгаварлан гадуурхахыг хатуу хориглосон.
Үүний хамт салбар хуульд шашин шүтэх, эс шүтэх гэсэн ойлголтыг
утга санааны хувьд нэг мөрчлөх гэж оролдсон байна. Хуульд уг эрх чөлөөнд хүний
шашин шүтэх, эс шүтэх, сүсэг бишрэлээ сонгох, аливаа шүтлэгээс татгалзах,
сонгосон шүтлэгийн дагуу гэр бүл зохиох, баяр ёслол үйлдэх, өвгөдөө нутаглуулах
зэрэг зан үйлийг цогцод нь ойлгоно гэж заажээ.
Сүм хийд байгуулах, шүтлэгийн газраа сонгох, сүм хийдийн зүгээс
үйл ажиллагааны хүрээнд бусад сүм хийдтэй харилцаа тогтоох зэрэг асуудлыг
зохицуулсан. Мэдлэг хуримтлуулах, бусадтай туршлагаа хуваалцах, шинжлэх ухааны
үйл эрхлэх зэрэг нь уг хуулиас гадуур үйл болохыг заасан байна.
Хуульд сүм хийд, шашны шинж чанартай байгууллагын статус, улсын
бүртгэлийн газар хэрхэн бүртгэлжүүлэх зэрэг харилцааг тусгасан байна. Дээр
дурдсан байгууллагууд нь өөртөө бүрэн бие даасан байхын зэрэгцээ зохион байгуулалтын
бүтэц, дотоод харилцаа, ажилтны хөдөлмөрийн үйл ажиллагааг бие даан шийдвэрлэх
бүрэн эрхтэй.
Хуульд нийцсэн төрийн бодлого нь улс орны хүн амын оюун санааны
амьдралд нөлөө бүхий шашны байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ боловсруулах,
байгуулах асуудал юм. Энэ зорилгоор Испаны хууль зүйн яамны дэргэд шашны
байгууллагатай хамтран ажиллах ажлыг хариуцсан, мэдээлэл цуглуулах, цуглуулсан
мэдээлэлд дүн шинжилгээ хийх, зөвлөмж боловсруулах чиг үүрэг бүхий тусгай
зөвлөх хороог байгуулсан байна. Зөвлөх хорооны бүрэлдэхүүнд төрийн байгууллага,
үйлдвэрчний эвлэл, шашны байгууллага болон тухайн салбартаа нэр хүнд бүхий хүмүүсийг
оруулна.
Үндсэн хуулийн хүрээнд хүн нэг бүрийн аюулгүй, эрх чөлөөт байдлыг
хуульчилсан байна. Ямар ч тохиолдолд хүний эрх чөлөөг 72 цагаас илүү
хугацаагаар хязгаарлаж болохгүй. Хугацаа дууссан тохиолдолд чөлөөлөх, эсвэл
шүүх эрх мэдлийн байгууллагад шилжүүлнэ. Баривчлагдсан хүн тусгай өмгөөлөгч
байлцуулсны үндсэн дээр байцаалтын болон шүүх ажиллагаанд оролцоно. Үндсэн
хуульд тусгасан чухал эрхэд хүний нэр төр, гэр бүл, орон байр, шуудан
харилцааны халдашгүй дархан байдал, оршин суугаа газраа чөлөөтэй сонгох, нутаг
орноосоо цагаачлах, Испани улсад дүрвэн ирэх эрх чөлөө болно. Орогнол хүсэх
эрхийг улс төрийн юм уу үзэл суртлын үнэлэмжээр хязгаарлахыг хориглоно.
Үндсэн хуульд мэргэжлийн нууцыг хадгалах, бусдын нэр төрд
харшлаагүй тохиолдолд ямар ч байдлаар мэдээлэл олж авах эрхийг хүлээн
зөвшөөрсөн байна. Урьдчилсан хязгаарлалт хийх замаар хүний уг эрхэд халдахыг хориглоно.
Үүний хамт төрөөс хамаарал бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хууль тогтоох
хурлын зүгээс хяналт тавихыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэрчлэн энэ төрлийн
хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон ургальч байдал, ашиг сонирхол, талуудын тэгш
хэмт оролцоог хангах ёстойг онцолсон. Хүний нэр төр, халдашгүй дархан байдлыг
хамгаалах үүднээс мэдээлэл ашиглалтад хязгаарлалт хийж болохыг тусгасан байна. Гэвч
бусад төрлийн мэдээллийн хэрэгслийн хувьд зөвхөн шүүхийн шийдвэрээр хязгаарлах
боломжтой.
Хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд нь шүүхийн зүгээс үр ашигтай
хамгаалалтын механизм бүрдүүлэх ёстой. Хэнд ч ийм механизм бүрдүүлэхээс
татгалзаж болохгүй гэжээ.
Иргэн хүн өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг гаргахгүй байх, хийгээгүй
хэргийнхээ төлөө ял шийтгэл эдлэхгүй байх, шүүхэд өөрийгөө өмгөөлөх зэрэг эрх
эдлэхийг үндсэн хуулиар баталгаажуулсан. Үүний зэрэгцээ эрх чөлөөгөө хасуулах
болон бусад төрлийн шийтгэл нь хүмүүжлийн шинж чанартай болохыг хуульчилсан. Шүүхийн
тогтоолоор хязгаарлуулснаас бусад тохиолдолд албадан хөдөлмөр эрхлэх
хугацаандаа хүн үндсэн эрхээ эдлэж болохыг заасан байна. Гэвч ямар ч тохиолдолд
цалин хөлс авах, нийгмийн даатгалд хамрагдах, өөрийгөө хөгжүүлэх хүний эрхийг
үгүйсгэж болохгүйг онцолсон.
Хүн бүр сурч боловсрох эрхтэй. Анхан шатны боловсрол үнэ төлбөргүй
байна. Өөрийнх нь итгэл үнэмшилд нийцүүлж үр хүүхэддээ шашны боловсрол олгох нь
эцэг, эхийн журамт үүрэг мөн. Их сургуулиудын хараат бус байдлыг үндсэн хуулиар
баталгаажуулж өгсөн. Иргэн хүнд нийгэм-эдийн засгийн шинж чанартай өргөн эрх
чөлөө эдлүүлэхээр хуульд заасан байна. Өмч хөрөнгө эзэмших, ашиглах, үр хүүхэддээ
өвлүүлэх бүрэн эрхтэй. Испани хүн ажил мэргэжлээ сонгох, хөдөлмөрлөх, шагнал
урамшуулал хүртэх, өөрийн болон гэр бүлийн хэрэгцээгээ хангах эрхтэй. Ингэхдээ
хөдөлмөрлөх нь Испан хүний журамт үүрэг болохыг заасан байна.
Аж ахуйн хүрээнд ажил, үйлчилгээ эрхлэх, түүнийгээ эдийн засгийн
ашиг сонирхолтойгоо уялдуулж хамгаалуулах эрхтэй. Төр испани иргэдийн эрх ашигт
нийцүүлж хөдөлмөрийн үйл ажиллагааны нийгэм-эдийн засгийн аюулгүй байдлыг хангах,
гадаадад амьдарч буй иргэд эх орондоо эргэн ирэхэд нь дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.
Ахмад настны эдийн засгийн баталгааг хангаж, насны амралтад гарахын цагт
тодорхой хэмжээний тэтгэмж олгоно.
Үндсэн хуулиар хэрэглэгчийн эрхийг хуулиар баталгаажуулж өгсөн.
Иргэдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шаардлагатай мэдээллээр хангах нь
төрийн үүрэг мөн. Иргэн хүний улс төрийн эрх, эрх чөлөөг үндсэн хууль болон
түүнд нийцүүлж гаргасан бусад хууль тогтоомжоор зохицуулж өгсөн байна.
Юуны түрүүнд ард нийтийн санал асуулгад хэрхэн оролцох тухай
заасан байна. Энэ зорилгоор сонгуулийн хэм хэмжээний тухай хууль-зарлиг, орон
нутгийн сонгуулийн тухай хууль, бусад салбар хуулийг гаргасан. Сонгуулийн
идэвхтэй эрх 18 насанд хүрсэн испани хүнд олгогдоно. Сонгогч улс төрийн эрх
чөлөөг бүрэн эдэлнэ. Сонгуульд тэгш, шударга, бүх нийтээр, шууд өгөх зарчмаар
сонгуульд оролцохыг сонгуулийн эрх гэнэ.
Улс төрийн аливаа нэгэн үйл ажиллагаанд оролцохгүй байх иргэний
эрхийг тусгайлан зааж өгөөгүй байна. Испаны үндсэн хуулинд зааснаар иргэн хүн
ард нийтийн санал асуулгад оролцох эрхтэй. 1980 оны салбар хууль бүх төрлийн
ард нийтийн санал асуулгыг нарийвчлан зохицуулсан байна. Ард нийтийн санал
асуулгыг засгийн газрын тэргүүний санал болгосноор засгийн газар, эсвэл хурлын
даргын санал болгосноор Төлөөлөгчдийн Конгресс явуулна. Засгийн газраас
зөвшөөж, Төлөөлөгчдийн Конгрессийн дарга гарын үсэг зурснаар ард нийтийн санал
асуулгын товыг эзэн хаан тогтооно. Ард нийтийн санал асуулгыг онц байдал
зарласан болон онц байдал цуцалснаас хойших 90 хоногийн хугацаанд зохион
явуулахыг хориглоно. Тэрчлэн аль нэг шатны сонгууль болохоос өмнөх 90 хоног
болон болсноос хойших 90 хоногийн хугацаанд зохион явуулахыг хориглоно. Ард нийтийн
санал асуулга явуулах журам нь Испаны сонгуулийн эрх зүйн ерөнхий зарчимд
захирагдана. Хууль тогтоох хуралд суудал бүхий улс төрийн хүчнүүдийн саналын
дагуу ард нийтийн санал асуулга зохион явуулах үүрэг бүхий сонгуулийн зөвлөл
байгуулдаг байна. Олон нийтийн хэвлэлийн мэдээллийн хэрэгслийг улс төрийн
хүчнүүд ашиглах, төлбөргүй эфирийн цаг хуваарилах зэргийг Ерөнхий Кортест авсан
суудалтай нь нийцүүлж олгодог байна. Сонгуулийн уртдчилсан кампанит ажил 10 хоногоос
багагүй, 20 хоногоос ихгүй хугацаанд үргэлжлэх бөгөөд сонгуулийн өмнөх өдөр
дуусгавар болно. Санал өгөхөөс өмнөх 5 хоногт ямар нэгэн байдлаар
сурталчилгааны материал тараах, олон нийтийг хамарсан судалгаа авах зэргийг
хориглодог байна.
Санал өгөх байранд тийм, үгүй гэсэн хоёр хариултын аль нэгийг
дугуйлж саналаа нууцаар өгнө. Сонгуулийн салбар зөвлөлөөс сонгуультай холбоо
бүхий ямар нэгэн зөрчил гараагүй гэж үзвэл сонгуулийн төв зөвлөл сонгууль
болсноос хойших тав хоногийн дотор багтаан албан ёсны дүнг нийтэд мэдээлнэ. Албан
ёсны мэдээлэл цацагдсан даруйдаа хүчин төгөлдөр болно. Ямар нэгэн төрийн
байгууллагын юм уу хууль тогтоох хурлын батламж шаарддаггүй байна.
Испаны иргэд эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал
цуглаан зохион байгуулах эрхтэй. Харин жагсаал, цуглаан хийх тухайгаа албан
ёсоор төр засгийн байгууллагад урьдчилсан байдлаар мэдэгдсэн байх ёстой бөгөөд хүний
эд хөрөнгө, амь нас, нийгмийн дэг журамд заналхийлсэн тохиолдолд хориглоно. Хүнийг
хууль бусаар тагнах, мөрдөн мөшгих, залхаан цээрлүүлэхийг хориглоно. Иргэдийн эвлэлдэн
нэгдэх үйл ажиллагааг шүүхийн шийдвэрээр таслан зогсоох, юм уу хориглож болно. Үндсэн
хуульт байгууллыг өөрчлөх зорилго бүхий улс төрийн хүчин, зэвсэгт бүлэглэл бий
болгохыг хуулиар хориглосон. Бусад орны үндсэн хуулиас ялгаатай онцлог нэг
санаа тусгагдсан байдаг нь Испани улсын нутаг дэвсгэрт амьдарч буй гадаадын
иргэн, харьяалалгүй хүнд улс төрийн эрх эдлүүлэх тухай зүйл юм. Улс хоорондын
гэрээ хэлцэл, дотоодын хууль тогтоомжид нийцүүлэн гадаадын иргэн, харьяалалгүй
хүнд улс төрийн эрх эдлүүлж болно хэмээн заасан байна.
Дээрхээс гадна, улс эх орноо батлан хамгаалах, гадны халдлагаас
сэргийлэх, нийгмийн аюулт үзэгдэл бий болсон үед тусламж дэмжлэг үзүүлэх,
татвараа төлөх зэрэг иргэний журамт үүргийг хуульчилсан байдаг.
§ 4. ЭЗЭН ХААН
Төрийн эрх мэдлийн дээд шатны байгууллагын тогтолцоонд Испаны
үндсэн хууль ёсоор эзэн хаан чухал байр суурь эзэлдэг. 1947 оноос хойш Испани
улс эзэн хаант засаглалтай байна. Дарангуйлагч Ф. Франкогийн үед засаглалын
хэлбэрийг эрх зүйн хүрээнд нарийвчлан тогтоож өгөөгүй. Үүний зэрэгцээ каудильо
засгийн газрын тэргүүний албыг үүрэглэж байсан. 1947 онд “Улсын тэргүүний албан
тушаал байгуулах тухай” хуулийг баталсан байна. Уг хуулиар эзэн хаант
засаглалын хэлбэрийг тогтоосон боловч үнэн чанартаа улсыг удирдах хэрэгт
каудильо буюу засгийн газрын тэргүүн Ф. Франко зонхилох нөлөөтэй байж иржээ.
Каудильо буюу засгийн газрын тэргүүн генерал Ф. Франко угсаа
залгамжилсан эзэн хааны тусламжтайгаар дарангуй засгаа урт удаан хугацаанд
хадгалан үлдэж чадсан юм. Генерал Ф. Франко нас барсны дараа 1975 онд л
одоогийн эзэн хаан Хуан Карлос I де Бурбон улсын тэргүүн болсон түүхтэй. Франкогийн хөөн гаргасан
Испаны эзэн хааны хүү хунтайж Хуан Карлос Ром хотноо мэндэлж, Швейцарь,
Португалид боловсрол эзэмшсэн. 1948 онд Испанид ирээд цэргийн болон иргэний
салбарт амжилт олсон. Эзэн хаан франц, англи, португали, итали, герман хэлэнд
зэгсэн боловсорсон нэгэн. Хаан ширээнд суусны дараагаар Хуан Карлос Испани
улсыг авторитари дэглэмээс ардчилсан сонгуульт засагтай болоход жинтэй хувь
нэмэр оруулсан байдаг.
1978 оны үндсэн хуулиар Испани улс парламентын эзэн хаант засагтай
орон болж, хаан ширээг эзэнт улсын хууль ёсны залгамжлагч Хуан Карлос I де Бурбон
өвлөн авсан. Хаан ширээг залгамжлах асуудал ууган хүүд
шилжих болон төлөөлөн сонгох зарчмаар хийгддэг. Хааны удмын хоёр хүү байгаа
тохиолдолд насаар ахмад нэгэнд нь хаан ширээ өвлөгдөнө. Эрэгтэй, эмэгтэй хүүхэд
байгаа бол эрэгтэй хүүхэд хаан ширээнд сууна.
Хаан ор залгах ханхүү Астурын Ханхүү гэгдэнэ. Угсаа залгах ханхүүд
байхгүй тохиолдолд Ерөнхий Кортес хаан удмынхан дундаас улсын ашиг сонирхолд
нийцүүлж өв залгамжлагчийг тодруулна. Эзэн хаан нас бие гүйцээгүй бол эх нь юм
уу эцэг нь, хэрэв эцэг, эх нь үгүй бол ойр дотны төрөл төрөгсөд хууль
тогтоомжид нийцүүлж хаан эзнийг нас бие гүйцэх хүртэл засаг төрийн хэргийг
хамаарна.
Хэрэв засаг түр хугацаанд орлон барих хүн удам дотор нь үгүй бол
Ерөнхий Кортес гурав юм уу таван хүний бүрэлдэхүүнтэй засаг барих хороо
байгуулж болно. Иргэний эрх, эрх чөлөө, муж улсуудын өөртөө засан тохинох
эрхийг хүндэтгэхийн зэрэгцээ өөрийн үүргийг чин шударгаар хэрэгжүүлэхээ
тангарагласны дараа Ерөнхий Кортес түүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрнө. Угсаа
залгамжлах хунтайж нас биед хүрэх үед түүний өмнөөс засаг баригчид эзэн хаандаа
тангараг өргөн үүргээ шилжүүлнэ.
Үндсэн хуульд зааснаар эзэн хаан нь улсын
тэргүүн, ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг, төрийн үйл ажиллагааг хөтлөн
явуулагч, дээд заргач, олон улсын харилцаанд Испан улсын төлөөлөх дээд албан
тушаалтан мөн. Эзэн хаан халдашгүй дархан бөгөөд ямар ч
хариуцлага үл хүлээнэ. Эзэн хааны бүх баримтад засгийн газрын тэргүүн,
харьяалах асуудал эрхэлсэн салбарын сайд гарын үсгээ зурна. Засгийн газрын
тэргүүний албан тушаалд нэр дэвшигчийг санал болгох, уг албан тушаалд томилох,
тэрчлэн засгийн газрыг татан буулгах эзэн хааны шийдвэрт Төлөөлөгчдийн
Конгрессийн дарга гарын үсэг зурна. Сайдын гарын үсэггүй эзэн хааны шийдвэр
хүчин төгөлдөр бус бөгөөд үүнд харьяалах асуудал хариуцсан сайд нар хариуцлага
хүлээнэ.
Эзэн хаан ордны иргэний болон цэргийн хэрэг хамаарагчдыг сайдын
гарын үсэггүй огцруулах, чөлөөлөх, мөнхүү албан тушаалд хүмүүс томилох эрхтэй.
Эзэн хаан улсын төсвөөс жил бүр тогтоосон хэмжээгээр тэтгэмж авах бөгөөд
түүнийгээ захиран зарцуулах бүрэн эрхтэй.
Эзэн хааны бүрэн эрх үндсэн хуулиар тодорхойлсон үйл ажиллагааны
тодорхой хүрээнд хамааралтай. Юуны түрүүнд, хууль тогтоох болон гүйцэтгэх эрх
мэдлийн хүрээн дэх харилцаанд хамаарна. Эзэн хаан Ерөнхий Кортесоос сайшаасан
хуулийг авч хэлэлцэх, түдгэлзүүлэх эрхтэй. Гэхдээ үндсэн хуулиар эзэн хаанд
хууль санаачлах эрх олгоогүй. Эзэн хаан Ерөнхий Кортесийн сонгуулийн товыг
зарлах, чуулган хуралдуулах, засгийн газрын санал болгосны дагуу хууль тогтоох
хурлыг тараах эрхтэй. Үндсэн хуульд заасны дагуу эзэн хаан улс оронд ард
нийтийн санал асуулга зохион явуулж болно.
Эзэн хааны загийн газартай харилцах эрх дараах байдлаар илэрнэ.
Үндсэн хуульд заасны дагуу засгийн газрын тэргүүнд хүн нэр дэвшүүлэх, томилох,
чөлөөлөх санал Төлөөлөгчдийн Танхимд оруулж болно. Засгийн газрын тэргүүний
санал болгосны дагуу эзэн хаан Испаны засгийн газрын гишүүдийг томилж чөлөөлж
болно. Хэрэв шаардлагатай гэж үзвэл засгийн газрын тэргүүний хүсэлтээр эзэн
хаан засгийн газрын хуралдааныг даргалж болно.
Гадаад
бодлогын хүрээнд эзэн хаан үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлж
Испаны олон улсын өмнө хүлээх үүргийг талаар шийдвэр гаргаж болно. Ерөнхий
Кортестой урьдчилан зөвшилцсний үндсэн дээр эзэн хаан дайтах, найрамдах
асуудлыг хөндөж болно. Эзэн хаан гадаадад суух дипломат төлөөлөгчийн газрын
ажилтан, сайд нарыг томилно. Испани улсад суух гадны улсын төлөөлөгчдийн
итгэмлэх жуух бичгийг гардан авна. Зэвсэгт хүчний дээд ерөнхий командлагч байх,
цэргийн болон иргэний төрийн өндөр албан тушаалтныг томилж чөлөөлөх, одон,
медаль гардуулах, өршөөл үзүүлэх, эзэн хааны академийн хүндэт гишүүн болгох
зэрэг нь эзэн хааны эрхэд мөн адил хамаарна.
§ 5. ЕРӨНХИЙ КОРТЕС
Английн хууль тогтоох байгууллагатай зэрэгцэх хамгийн эртний хурал
болох Испаны парламентад 1978 оны үндсэн хууль онцгой ач холбогдол өгсөн
байдаг. Бүтцийн хувьд Ерөнхий Кортес хоёр танхимаас бүрдэнэ. Ерөнхий Кортесийн
доод танхимийг Төлөөлөгчдийн Конгресс, дээд танхимийг Сенат гэнэ.
Үндсэн хуульд зааснаар Төлөөлөгчдийн Танхим нь 300-400
төлөөлөгчөөс бүрдэх бөгөөд дөрвөн жилийн хугацаагаар бүх нийтийн, тэгш, шууд,
нууц санал хураалтын үндсэн дээр сонгогддог. Төлөөлөгчдийн Танхимийн сонгууль
сонгуулийн тойрогоор хувь тэнцүүлсэн тогтолцоогоор явагдах бөгөөд Испаны бүх
муж улсыг хамардаг (Тэдний тоо 50). Сонгуулийн тойрог бүрт багадаа нэг
төлөөлөгч сонгогдохоор зохион байгуулж муж улсын хүн амыг төлөөлөгчдийн тоотой
хувь тэнцүүлж хуваарилдаг. Өмнөх хууль тогтоох хурлын бүрэн эрхийн хугацаа
дуусгавар болсоноос хойших 30-аас, 60 хоногийн хооронд Төлөөлөгчдийн
Конгрессийн сонгуулийг зохион явуулдаг. Сонгогдсон төлөөлөгчид сонгууль
болсоноос хойш 25 хоногийн хугацаанд чуулганыг зарлан хуралдуулна.
Дээд танхим— Сенат — нь нутаг дэвсгэрийн төлөөллийн байгууллага
юм. Үндсэн хууль болон тэдгээрт нийцүүлж гаргасан бусад хууль тогтоомжоор
Сенатын тухай нарийвчлан заасан байна. Муж бүр дөрвөн сенатыг бүх нийтийн, эрх
чөлөөт, тэгш, шууд, нууц санал хураалтаар сонгоно. Арлын мужууд үндсэн хуульд
заасан журмын дагуу, харин өөртөө засан тохинох эрх бүхий нэгжүүд нутаг
дэсвгэртээ оршин суугаа нэг сая иргэнд нэг сенат гэсэн томьёоллоор сонгоно.
Өөртөө засан тохинох нэгжийн хууль тогтоох хурал сенат сонгох асуудлыг
шийдвэрлэнэ. Сенат дөрвөн жилийн хугацаагаар сонгогдоно. Сенаторын мандатын
хугацаа дөрвөн жилийн дараа шинээр сенатор сонгогдож, танхим тарсны дараа
дуусгавар болно. Сонгуулийн хуулиар сенаторын албан тушаалыг үндсэн хуулийн
шүүхийн юм уу засгийн газрын гишүүн, ард түмнийг хамгаалагч, шүүхийн гишүүн,
шүүгч, прокурор, мэргэшсэн цагдаагийн албан хаагч, зэвсэгт хүчний алба,
сонгуулийн ерөнхий хорооны гишүүн зэрэг төрийн удирдлагын өндөр дээд албан
тушаалтай хавсран хашихыг хориглодог байна.
Төлөөлөгч, сенатор нь сонгогдсон хугацаандаа халдашгүй дархан
эрхтэй байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн нь тогтоогдсон тохиолдолд
цуцална. Харьяалах танхимаас урдьчилан зөвшөөрөл авалгүйгээр гэм буруутайд
тооцох, шүүхэд татахыг хориглоно. Кортесийн төлөөлөгч үзэл бодлоо илэрхийлэх,
хууль тогтоох ажлаа хэрэгжүүлэх эрх чөлөөтэй байна. Нэг төлөөлөгч юм уу сенатор
хууль зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд улсын дээд шүүхийн эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх танхим уг асуудлыг авч үзнэ.
Танхимууд үйл ажиллагааны журмаа гаргаж, төсөв батлан ажилтан,
албан хаагчдынхаа байр суурийг тодорхойлохын зэрэгцээ чуулганы товоо зарлах,
даргаа сонгох эрх эдэлнэ. Танхим бүр жилд хоёр удаа чуулна: Эхнийх нь есдүгээр
сараас арванхоёрдугаар сар хүртэл, хоёр дахь нь хоёрдугаар сараас зургаадугаар
сар хүртэл үргэлжилнэ. Засгийн газар, Кортесийн байнгын хороо, эсвэл танхимийн
төлөөлөгчдийн олонхийн саналаар хэлэлцэх асуудал гарсан үед онц чуулганыг
зарлан хуралдуулж болно. Хэлэлцэх асуудлыг эцэслэх шийдвэр гарснаар чуулганы
үйл ажиллагаа дуусгавар болно.
Кортесийн өөр нэг хэлбэр нь хуулийн төсөл нэг бүрийг урьдчилсан
байдлаар хэлэлцэж, танхимийн хуралдаанд эцэслэн оруулах чиг үүрэг бүхий байнгын
хороо болно. Үндсэн хуульд танхим хуулийн төсөл санаачлах, боловсруулах, өөрийн
санал болгосон хуулийн төслөөр танхимийн хуралдаан зарлан хуралдуулах эрхээ байнгын
хороонд шилжүүлж болно гэж заасан байдаг. Гэхдээ үндсэн хуулийн нэмэлт
өөрчлөлт, олон улсын харилцаа, улсын төсвийн хуулиар эрх шилжүүлэхийг
хориглосон байна.
Танхим бүр хууль тогтоох хурлын төлөөлөгчдийг хувь тэнцүүлж
хуваарилсан 21-ээс доошгүй хүнээс бүрдэх байнгын хороо байгуулж болдог байна.
Тэдгээр нь танхимийн онц чуулганыг зарлан хуралдуулах, чуулганаас дараагийн
чуулганы хооронд танхимийн эрх мэдлийг чиглүүлэх чиг үүрэгтэй байна. Танхимийн
бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох юм уу тарсан тохиолдолд танхимийн байнгын
хороо Ерөнхий Кортес шинээр эмхэлэгдэх хүртэл бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.
Хэрэв үндсэн хууль болон бусад хуульд өөрөөр заагаагүй бол хуралдааныг
нээхэд танхим бүрийн төлөөлөгчдийн талаас илүү хувь нь байх шаардлагатай бөгөөд
танхим бүрийн төлөөлөгчдийн үнэмлэхүй олонхийн саналыг түшиглэн асуудлыг
эцэслэн шийдвэрлэнэ. Төлөөлөгч, сенаторыг сонгох үйл ажиллагаа биечлэн явагдах
бөгөөд бүрэн эрхээ өөр этгээд, гуравдагч хүнд шилжүүлэхийг хориглоно. Танхимийн
хуралдааныг явуулахдаа зохих танхимийн төлөөлөгчдийн олонхийн саналд түшиглэн
хаалттай хэлбэрээр явуулж болно.
Үндсэн хуулиар хууль тогтоох хурал буюу Ерөнхий Кортес, засгийн
газар хоорондын харилцааны асуудлыг зохицуулах оролдлого хийсэн байна. Энэ хүрээнд
гаргасан хууль тогтоомжид нийцүүлж журам боловсруулах, гаргах, мөрдүүлэх
тэрчлэн хүний эрх, эрх чөлөөг зохицуулах, бүх нийтийн сонгууль зохион явуулах,
муж орон нутгийн өөртөө засан тохинох эрхийг баталгаажуулсан эрх зүйн акт
гаргах эрхийг засгийн газарт хадгалуулж болно гэж заажээ. Тодорхой асуудлаар
хууль тогтоох эрх мэдлийн чиг үүргийг засгийн газарт шилжүүлж болох бөгөөд уг
үйл явц нь хатуу тогтоосон хугацаатай байна. Тодорхойгүй хэлбэр, тодорхойгүй
цаг хугацаатайгаар эрх шилжүүлэхийг хориглоно.
Үндсэн хуульд зааснаар засгийн газраас өөр этгээдэд хууль тогтоох
эрх шилжүүлэхийг хориглодог байна. Хууль тогтоох эрхэд тулгуурлан засгийн
газраас гаргасан актыг хуульчилсан декрет хэмээн нэрлэнэ. Онц байдал үүссэн
тохиолдолд засгийн газар төр, нийгмийн байгуулал, хүний эрх, эрх чөлөө, иргэний
эрх, үүрэг, орон нутгийн байгуулал, өөртөө засан тохинох эрхийг хөндөхгүйгээр
декрет хэлбэрээр түр хугацааны эрх зүйн акт гаргаж болно. Засгийн газрын декретийг
хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс гуч хоногийн хугацаатай Төлөөлөгчдийн
Конгрессийн хурлаар батламжилж болно.
Бас нэг онцлог шинж нь ард түмний хууль санаачлах эрхийг
баталгаажжуулж өгсөнд оршино. Энэ тохиолдолд дор хаяж хагас сая сонгогчийн
гарын үсэг түшиглэсэн байх ёстой. Гэхдээ уучлал үзүүлэх, олон улсын харилцаа,
татварын чиглэлээр ард түмэн энэ эрхээ эдлэж үл болно.
Төлөөлөгчдийн Конгрессийн сайшаасан хуулийн төслийг Сенатад өргөн
барина. Сенат хүлээн авсанаас хойших хоёр сарын хугацаанд хориг тавих, засвар
хийх, эсвэл эцэслэн батлах саналаа гаргана. Хориг тавих эрхийг Сенатын
гишүүдийн үнэмлэхүй олонхийн саналаар шийдвэрлэнэ. Сенатын тавьсан хориг юм уу
санал болгож буй нэмэлт өөрчлөлтийг үнэмлэхүй олонхийн саналын дэмжлэг түшиглэн
Төлөөлөгчдийн Конгресс хэрэгсэхгүй болгох эрхтэй. Хэрэв засгийн
газар юм уу Төлөөлөгчдийн Конгрессийн зүгээс өргөн барьсан хуулийн төсөл
яаралтай шинж чанартай бол хуульд заасан хоёр сарын хугацааг 20 хоног болгож
бууруулж болно. Ерөнхий Кортесоос сайшаасан хуулийн төсөлд улсын тэргүүн эзэн
хаан хориг тавих эрхгүй. 50 хоногийн хугацаанд ямар ч хуулийн төслийг хэлэлцэн
баталж, олон нийтэд тараан хүчин төгөлдөр мөрдүүлнэ.
Засгийн газрын тэргүүн ерөнхий сайдын саналаар Төлөөлөгчдийн
Конгрессийн дэмжлэг түшиглэн эзэн хаан ард нийтийн санал асуулга зарлан
хуралдуулна. Үндсэн хуульд зааснаар ард нийтийн санал асуулгыг улс төрийн
тулгамдсан асуудлаар зарлаж болох бөгөөд гарсан шийдвэр нь төрийн эрх мэдлийн
байгууллагад зөвлөх шинж чанартай байна.
Улс орон олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө үүрэг хүлээх олон
улсын гэрээ, хэлэлцээг соёрхон батлах, эсэхийг засгийн газрын урьдчилсан
зөвшөөрөлд тулгуурлан Ерөнхий Кортес шийдвэрлэнэ. Эдгээрт улсын газар нутгийн
бүрэн бүтэн байдал, хүний эрх, эрх чөлөө, иргэний үүрэг, улсын төсөв санхүүтай
хамаарал бүхий гэрээ, хэлцэл багтана. Испанид албан ёсоор хэвлэгдсэн даруйдаа
олон улсын гэрээ, хэлцэл дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ хэмээн үндсэн
хуульд заасан байна.
Эх сурвалж
Баглай, М. В. (Ed.). (2004). Конституционное
право зарубежных стран: Учебник для вузов. Москва: Издательство НОРМА.
МОНГОЛЧИЛГО ХИЙСЭН: ЭТҮГЭН ИХ
СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН
АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР