Tuesday, February 27, 2018

ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ БРАЗИЛИ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЭРХ ЗҮЙН ТҮҮХ

Бразили улс төрт ёсны түүхэндээ нийтдээ долоон үндсэн хууль мөрдөж ирсэн байх юм. Өнөөгийн үндсэн хууль 1988 оны аравдугаар сарын 5 нд батлагдсан долоо дахь үндсэн хууль болно.
1822 онд Бразили улс Португалийн ноёрхлыг түлхэн унагаж, эзэнт гүрнийг тунхагласан түүхтэй. 1814 оны Францын, 1822 оны Портулгалийн үндсэн хуулиас үлгэр авч эзэн хаан I Пэдро анхны үндсэн хуулийг боловсруулсан байдаг. Үзэл санааны хувьд либерал өнгө аяс хадгалсан уг хууль эзэн хаанд улс орноо удирдах, нийгмийн дэг журмыг хангах боломж олгосоноороо онцлогтой юм.
1824 оны үндсэн хууль төрийн эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгох, шууд бус сонгуулийн тогтоцыг төлөвшүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан гэж үздэг. Төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх, хяналтын гэх дөрвөн хэсэгт хуваарилсан байна. Үүний зэрэгцээ улсын тэргүүн эзэн хаанд засгийн газар, хууль тогтоох хурлыг тараах, төрийн өндөр албан тушаалтныг томилж, чөлөөлөх тэргүүтэн өргөн эрх эдлүүлэхээр тусгасан байна.
Сэцдийн Зөвлөл гэж нэрлэгдсэн эзэнт улсын хууль тогтоох хурал хоёр танхимтай. Төлөөлөгчдийн Танхим буюу доод танхим байхын зэрэгцээ доод танхимаас гаргаж өгсөн саналыг дагуу эзэн хаанаас томилогдсон сенатороос бүрдэх Сенатын Танхим  буюу дээд танхим байна.
Эзэн хаан I Пэдро улсын анхдугаар үндсэн хуулийг 1824 оны гуравдугаар сарын 25 нд баталж, Сэцдийн Зөвлөлийг 1826 оны тавдугаар сард хуралдуулж байжээ. Сүүлээр уг үндсэн хуульд 1834 оны наймдугаар сарын 12 нд, 1840 онд, 1841 онд тус тус нэмэлт өөрчлөлт орж байжээ.
1889 оны арваннэгдүгээр сарын 15 нд Бразили улсад хаант засгийг түлхэн унагаж, бүгд найрамдах засгийг тогтоожээ. Деодори да Фонсека тэргүүтэй түр засгийн газар юуны түрүүнд шинэ үндсэн хуулийн төсөл боловсруулах Үндсэн Хуулийн Хороог байгуулсан байна.  Үндсэн Хуулийн Хороо АНУ-ын үндсэн хуульд тулгуурласан хуулийн төслөө эцэслэн боловсруулж, 1891 оны эхээр өргөн барьжээ. Мөн оныхоо хоёрдугаар сарын 24 нд бүгд найрамдах улсын анхны үндсэн хууль батлагдаж гарсан түүхтэй. Уг үндсэн хуульд 21 нас хүрсэн эрчүүдийн шууд санал хураалтаар дөрвөн жилийн хугацаатай сонгогдсон ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч улсын дээд эрх атгагчийг үүргийг хадгална хэмээн заасан байна. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх эрх мэдлийг ерөнхийлөгч тэргүүлэх болсон хэрэг юм.
Засгийн газрын сайд нарыг ерөнхийлөгч томилно. Хууль тогтоох хурал буюу Улсын Хурал Сенат, Төлөөлөгчдийн Танхим гэх хоёр танхимаас бүрдэнэ. Сенат нь муж улс бүрээс 9 жилийн хугацаагаар гурван сенатор төлөөлүүлэн суулгах хэлбэрээр зохион байгуулагдсан бол Төлөөлөгчдийн Танхим нь хүн амын тоотой хувь тэнцүүлэн гурван жил тутамд сонгогдох гишүүдээс бүрддэг байна. Шүүх эрх мэдэл нь дээд шүүх болон доод шатны шүүхээс бүрдэнэ. Ерөнхийлөгч шүүхийн шүүгчийг бүх насаар нь томилно.
Бразили улсад арчиллын чанарын үзүүлэлт өндөр байгаагийн нэг шалтгаан нь үндсэн хуулийн хүрээнд хүний эрх, эрх чөлөөг, тэр дундаа шүтэн бишрэх эрх чөлөөг тусгай бүлгийн хэмжээнд нарийвчлан зохицуулж өгсөнд оршино.
Ийнхүү бүгд найрамдах улсын анхдугаар үндсэн хуульд төрийн эрх мэдлийн чанад хуваарилалт бүхий ерөнхийлөгчийн засаглалыг хуульчлан тогтоосон байх бөгөөд дараа дараагийн үндсэн хуулиудад хаяалбар нөлөө нь хадгалагдсаар ирсэн байна.
1930 онд Бразили улсад хувьсгал дэгдэж, улсын түр тэргүүний хувиар Жэтулиу Варгас засгийн эрхэнд гарсан юм. Төрийн эрх мэдлийн бүх байгууллагыг тарааж, үндсэн хуулийн үйлчлэлийг тасалдуулсан байна. Түр засгийн газар журам, тогтоол дээр тулгуурлан улсын хэргийг хөтлөн явуулж байв.
1932 онд Сан-Пауло муж улсад үндсэн хуулийн хувьсгал гэж нэрлэгдсэн бослого дэгдсэн байна. Босогчдын гол шаардлага нь шинэ үндсэн хууль боловсруулах асуудал байв. Хувьсгал дарагдсан боловч Варгасын засгийн газар жилийн дараа шинэ үндсэн хуулийн төсөл боловсруулах Үндсэн Хуулийн Хороог байгуулсан байна.
Бразилийн шинэ үндсэн хууль 1934 оны долдугаар сарын 16 ны бүх ард түмний санал асуулгаар сайшаагдсан юм. Сонгуулийн эрхийг төгөлдөржүүлэх, эмэгтэйчүүдэд сонгуулийн эрх олгох, хөдөлмөрийн болон цэрэг армийн үйл ажиллагааг сайжруулах, түүнийг нь хангаж ажиллах чиг үүрэг бүхий үр дүнтэй шүүх тогтолцоо бүрдүүлэх зэрэг олон асуудлыг хам байдлаар зохицуулсан байна. Үүний зэрэгцээ улсын бодлого боловсруулах, төлөвлөх, эдийн засгийн амьдралыг зохион байгуулахад ерөнхийлөгч өргөн эрхтэй байхаар тусгасан байдаг.
Үндсэн хуульд холбооны бүгд найрамдах улсыг ёсчилсон. Улсын тэргүүн ерөнхийлөгчийг бүх ард түмний санал хураалтаар дөрвөн жилийн хугацаатай улируулан ажиллуулах эрхгүйгээр сонгохыг заасан байна. Чиг үүргийн хувьд ерөнхийлөгч сайд нарын кабинетыг удирдана. Дэд ерөнхийлөгчийн албыг үгүй хийсэн. Хууль тогтоох хурал дөрвөн жлийн хугацаагаар сонгогдох хоёр танхимтай болохыг зүйчилсэн.
Коммунист заналхийлэл гэдгээр шалтаглан Жэтулиу Варгас 1937 оны арваннэгдүгээр сарын 10 нд ерөнхийлөгчийн сонгуулийг цуцалж, улсад дарангуй засаг тогтоосон. Бразилид шинэ улсыг (Эстадо Ново) тунхаглаж, үндсэн хууль гаргасан (Үүнээс санаа авч Польшийн үндсэн хууль гарсан).
Өмнөх үндсэн хуулиудаас ялгаатай нь холбооны улсын засгийн газарт ихээхэн эрх мэдэл төвлөрүүлсэн байдаг. Сенаттай зэрэгцээд муж улс бүрийн Төлөөлөгчдийн Танхим, ерөнхийлөгчөөс хэсэгчилсэн байдлаар сонгогдсон Холбооны Зөвлөл хэмээх институт бий болгосон. Засаг төрийн эрх мэдлийн нэг төвд төвлөрүүлэх хандлага Төрийн Албаны Хэлтэс байгуулснаар илэрхий болсон. Уг байгууллагын үндсэн чиг үүрэг нь улсын ашиг тусад нийцүүлж бодлого, үйл ажиллагааг санхүүжүүлэх хөрөнгө, мөнгийг төсөвлөх, зохицуулахад оршиж байсан. Уг байгууллага ерөнхийлөгчийн хяналт дор үнэн чанартаа захиргааны эрх мэдлийг гартаа төвлөрүүлэх болсон.
 
1945 оны аравдугаар сарын 29 нд Варгасыг түлхэн унагаж, үүний дараа зохион байгуулагдсан ерөнхийлөгчийн сонгуульд өрлөг жанжин Эурико Гаспар Дутра ялалт байгуулсан байна. Засаг төрийн эрхэнд гарсны дараа Дутра шинэ үндсэн хуулийн төсөл боловсруулах Үндсэн Хуулийн Конгресс байгуулсан. Тухайн үеийн ардчиллын хүрсэн төвшинд нийцүүлж 1946 оны үндсэн хууль гарсан бөгөөд есдүгээр сарын 18 нд нийтлэгдсэн байна. Ерөнхийлөгчийн шууд сонгуулийн зарчмын зэрэгцээ түүний бүрэн эрхийн хугацааг 5 жил байхаар заасан. 1934 онд үгүй хийсэн дэд ерөнхийлөгчийн албыг шинэ үндсэн хуулиар сэргээсэн байна.
Үүнээс гадна, уг үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөө, тэр дундаа хэвлэн нийтлэх, үг хэлэх, хууль бус баривчилгаанд өртөхгүй байх, өмч хөрөнгөө хамгаалуулах зэрэг эрхийг хуульчилсан байна. Коммунист намаас бусад бүх намын үйл ажиллагааг сэргээсэн.
1964 онд Бразилийн ардчилсан засгийн газрыг цэргийнхэн түлхэн унагаж, засаг төрийн эрхэнд гарсан. 1967 оны нэгдүгээр сарын 24 нд шинэ үндсэн хууль гаргасан.
1967 оны үндсэн хуулийн нэг онцлог нь муж улсын эрх мэдлийг төв засгийн газарт төвлөрүүлэхийг чухалчилсанд оршино. Өөрөөр хэлбэл, холбооны улсын ерөнхийлөгчийн эрх мэдлийг өндөрт авч үзсэн байна. Бүх ард түмний сонгуулиар сонгогддог байдлыг халж, муж улсын хууль тогтоох хурлын төлөөлөгчид болон Улсын Хурлаас бүрдсэн Сонгогчдын Коллеги улсын тэргүүнийг сонгож байхаар тогтсон.
Засгийн эрхэнд байсан цэргийнхний хүчтэй шахалтаар 1969 оны аравдугаар сарын 17 нд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг дөрвөн жилээс таван жил болгож өөрчилсөн байна. Үүнээс гадна, хууль тогтоох хурлын эрх мэдлийн хумиж, муж улсын амбан захирагчдыг шууд бус аргаар сонгож байхаар хуульчилсан.
Цэргийн дарангуй засаг унаж, Бразилийн нийгэм ардчилагдаж эхэлснээр 1985 оны гуравдугаар сард засаг төрийн эрхэнд Жозэ Сарнэй сонгогдсон байна. Долдугаар сарын 18 нд үндсэн хуулийн өөрчлөлт хариуцсан түр хороо байгуулах тухай түүний захирамж нийтлэгдсэн. Уг байгууллагын бүрэлдэхүүнд нийтдээ нэр цолгорсон 49 хуульч оролцсон бөгөөд тэдгээрийн дотор коммунист зохиолч Жоржи Амада орж байв. Хорооны зүгээс үндсэн хуулийн төсөл боловсруулж, барууны, зүүний намуудын дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн байх юм. Гэвч 1987 онд хуралдсан Үндсэн Хуулийн Хурал уг төслийг няцаасан байна. Тэдний зүгээс зарчмын шинэ санаачлага гаргасан нь бүх ард түмний санал асуулга зохион явуулах байв. Бүтэн сарын хугацаанд үргэлжилсэн санал асуулгаар 12 сая сонгогчийн гарын үсэг бүхий 10.000 орчим санал гарсан байдаг. Үндсэн хуулийн эцэслэн найруулсан төсөлд ард түмний 122 саналыг тусгасан байна.
Үндсэн Хуулийн Хурал төслийг 1988 оны есдүгээр сарын 22 ны хурлаар баталсан юм. Долоо дахь үндсэн хууль гишүүдийн олонхийн санал авч аравдугаар сарын 5 нд орон даяар мөрдөгдөж эхэлсэн байна.
Нийтдээ 250 зүйл бүхий уг төсөл үзэл баримтлалын хувьд туйлын шинэлэг байв. Гүйцэтгэх эрх мэдлээ хууль тогтоох эрх мэдэл хянах, байгаль орчноо хамгаалах тэргүүтэн олон шинэлэг санааг тусгасан байна. Бичвэрийг товчилбор байдлаар хураангуйлан өгүүлэхэд ийм болой.
ТОЛМОЧИЛОН БУУЛГАСАН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР
ЦАХИМ ШУУДАНГИЙН ХАЯГ: otgonbayar.n@etugen.edu.mn

Monday, February 12, 2018

ИСПАНЫ ҮНДСЭН ХУУЛИЙН ЭРХ ЗҮЙ

§ 1. ИСПАНЫ ҮНДСЭН ХУУЛИЙН ТҮҮХ
Иберийн хойгт оюун ухаант хүн амьдарч эхэлсэн нь НТӨ 15-10 дахь мянган жилийн үед хамаарна. Испани хэмээх үг нь финик хэлний «и-шпаним» буюу «далайн эргийн суурин» гэх утгыг илэрхийлнэ. Сүүлээр Ромчууд тэднийг олон тоон дээр Hispaniae хэмээн дуудах болжээ.
НТӨ I дэх мянган жилийн үед Испанид Финикчүүд нэвтэрч, Гадэр гэж нэрлэгдэх өнөөгийн Кадис хотыг үүсгэн байгуулсан. Сүүлээр Карфаген хот улс мандахын цагт Гадэр балгасны нөлөө суларч Финикчүүдийн хязгаар нутаг төдий үлдсэн байх юм. Удалгүй Пунийн дайнаар Карфаген хот улсыг Ромчууд буулган авч Иберийн хойгийг өөрийн нутаг дэвсгэрт оруулсан байна.  
Испани улс нь үндсэн хуульт байгууллын нарийн ээдрээтэй, урт удаан замналыг туулсан түүхтэй бөгөөд Европ тивийн бусад орнуудаа бодвол фашист дэглэм харьцангуй тогтвортой хадгалагдаж байсан болно. Өөрөөр хэлбэл, XX зууны 70-аад оны дунд үе хүртэл энэ улс фашист дэглэмтэй явж иржээ. Энэ үеийг хүртэл агуулга, чиглэлийн хувьд харилцан адилгүй 1812, 1831, 1834, 1837, 1845, 1869, 1876 оны үндсэн хуулийг баталж байжээ. Эдгээрт тухайн цаг үеийн нийгэм-эдийн засаг, улс төрийн хөгжлийн онцлог шинжүүд тусгагдсан байдаг.
XX зууны 70-аад оны хоёрдугаар хагасаас Испанид нийгэм-улс төр, эдийн засгийн амьдралын бүхий л хүрээг хамарсан өргөн хүрээтэй ардчилсан өөрчлөлтийг хэрэгжүүлсэн юм. Уг үйл явц иргэний дайнд бүгд найрамдахчууд ялагдал хүлээсний үр дүнд тогтсон генерал Франкогийн 36 жилийн дарангуйлалд цэг тавьсан байна. Шинэ улс төрийн тогтолцоонд шилжин орохтой холбоотойгоор ардчилсан уламжлал байхгүй, төрийн болон улс төрийн хүрээнд франкизм хүчтэй байсан зэрэг шалтгаанаар багагүй хүндрэлтэй тулгарсан юм. Генерал Франкогийн дэглэмийн үед удирдлагын арга барил хүчтэй удирдагч шүтэх үзэл, төрийн удирдлагын төвлөрсөн байдал, хүний суурь эрх, эрх чөлөө үндсэн хуулийн хүрээнд баталгаажаагүй байсан зэрэгтэй холбогдож байв. Төрийн эрх мэдлийн цорын ганц эх сурвалж нь хууль гаргах, дайтах, найрамдах зэрэг хязгааргүй эрх эдлэж асан дарангуйлагч Ф.Франко болж байлаа.
Улс орныг удирдан чиглүүлэх үүрэгтэй засгийн газар каудильо буюу удирдагчийн бүрэн хяналтад байв. Франко төрийн ямар нэгэн байгууллагын зөвшөөрөлгүйгээр сайд нар болон төрийн өндөр албан тушаалтнуудыг томилох юм уу чөлөөлдөг байв. Төрийн тэргүүний хувьд засгийн газрын тэргүүнийг хавсран хашиж байжээ. Тэрээр засгийн газрын үйл ажиллагаанд чиглэл өгч, улсын гадаад, дотоод бодлогыг тодорхойлохын зэрэгцээ засгийн газрын хуралдаанд хүссэн цагтаа сууж, сайд нарыг өөрийн үзэмжээр томилж чөлөөлөх эрхтэй байв.
Франко Кортес буюу хууль тогтоох хурлаас гаргасан хууль тогтоомжийг батлах эсвэл няцаах, буцаан хэлэлцүүлэгт оруулах бүрэн эрхтэй. Хууль тогтоох хурал нь хууль боловсруулах, баталж гаргах эрхээ улсын тэргүүн каудильотой хуваалцана.
Үүнээс гадна, хууль санаачлах эрх ихэнхдээ засгийн газар, түүний тэргүүнээс гарах бөгөөд энэ тохиолдолд хууль тогтоох хурал нь бэлгэдлийн чанартай болж хувирдаг байна. Испаны хууль тогтоох хурал Кортес нь эрх, үүргийн хувьд хязгаарлагдмал шинжтэй байх бөгөөд бүтэц, бүрэлдэхүүн нь бүс нутаг, орон нутгийн төлөөллийг тэгш хэмтэй оруулах бус, харин засгийн газрын тэргүүн генерал Ф. Франкогийн санал болгосон төлөөллөөс бүрдэх замаар бий болдог байжээ. Зарим тохиолдолд сайд нар, их сургуулийн захирал зэрэг албан тушаал харгалзсан төлөөлөл оруулдаг байв.
Франкогийн дэглэмийн үеийн үндсэн хууль нь тулгуур хууль гэж нэрлэгдэх янз бүрийн цаг хугацаанд гарсан хэд хэдэн хуулийн эмхэтгэлээс бүрдэж байв. Эдгээрт “Хөдөлмөрийн тунхаг”, “Кортес байгуулах тухай хууль”, “Төрийн тэргүүний албан тушаал бий болгох тухай хууль”, “бүх нийтийн санал хураалтын тухай хууль” болон бусад эх сурвалж багтдаг байна. Эдгээр хууль тогтоомж нь засгийн газрын захирамжид нийцүүлж Испаны иргэний эрх, эрх чөлөөг зохицуулах боломж олгож байснаараа онцлог юм.
Кортес, ард түмний санал хураалтын хуулийн зорилго нь төлөөллийн болон шууд ардчиллын зарчмыг нэвтрүүлэх замаар улс оронд тогтсон дарангуй дэглэмийн жинхэнэ мөн чанарыг нуун далдлахад чиглэгдэж байжээ. Энэ ч зорилгоор 1947 оны улсын тэргүүний албан тушаал бий болгох тухай хуулийг санаачлан баталсан юм. Өөрөөр хэлбэл, энэ үеийг хүртэл засаглалын ямар хэлбэр Испанид оршин тогтнож байгааг зүйлчилсэн эрх зүйн бүрдүүлбэр байсангүй гэж хэлж болно. Саяын дурдсан хууль ёсоор Испанид эзэн хаант засаглалын хэлбэрийг тогтоосон байна. Үнэн чанартаа улсын тэргүүний эрхийг генерал Ф. Франко атгаж байсан тул эзэн хаангүй эзэн хаант засаг байв.
Каудильо буюу генерал Ф. Франког үхсний дараа Испаны төр-нийгмийн амьдралыг ардчилах үйл явц эхэлсэн байна. Улс төрийн тэргүүлэх хүчин, дарангуй дэглэмийн тулгуур Үндэсний Хөдөлгөөн Нам тарж, оронд нь ардчилсан улс төрийн хүчин, үйлдвэрчний эвлэл бий болсон байна. Төрийн эрх мэдлийн дээд шатны байгууллагын бүтцэд өөрчлөлт оруулж, олон намын тогтолцоо, иргэний эрх, эрх чөлөө хөгжих эхлэл болсон улс төрийн шинэтгэлийн тухай хууль (1976 он), сонгуулийн эрхийн захирамж (1977 он) зэрэг нь ардчилах үйл явцын цаашдын хөгжилд үлэмжхэн нөлөө үзүүлсэн байна.
Хууль тогтоох хурал буюу Кортесийг сонгох анхны ардчилсан сонгууль 1977 онд болж өнгөрсөн бөгөөд уг сонгуульд ардчилсан намууд (Ардчилсан төвийн холбоо, Испаны социалист ажилчны нам болон бусад улс төрийн намууд) ялалт байгуулсан байдаг. Шинээр эмхлэгдэн байгуулагдсан Кортес улсын үндсэн хууль боловсруулах, батлуулах асуудлыг чухалчилсан байна. Ингээд Төлөөлөгчдийн Конгресс 1977 оны долдугаар сард 36 гишүүнээс бүрдсэн Үндсэн хуулийн хороо гэгчийг байгуулсан байна. Уг хорооны бүрэлдэхүүнд Конгресст суудал авсан тоондоо нийцүүлж Ардчилсан төвийн холбоо (17 гишүүн), Испаны социалист ажилчны нам (13 гишүүн) давамгайлсан байдлаар оролцжээ. Хороо нийтдээ үндсэн хуулийн төсөл дээр жил гаруй хугацаанд ажилласан байна. Кортесийн хоёр танхим төслийг эцэслэн баталснаар үндсэн хуулийн төслөөр Испанид бүх ард түмний санал асуулга явуулсан байна. Үндсэн хуулийн төслийг 1978 оны арванхоёрдугаар сарын 6 нд Испаны иргэдийн үнэмлэхүй олонх буюу 87,8% дэмжсэнээр сайшаагдсан байдаг. Эзэн хаан гарын үсэг зурснаар үндсэн хууль 1978 оны арванхоёрдугаар сарын 29 нд төрийн албан ёсны хэвлэлд (Болетин офисиаль дель Эстадо) хэвлэгдэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлжээ.
§ 2. ҮНДСЭН ХУУЛЬ
Испаны үндсэн хуулийн агуулгад Европын бусад ардчилсан орнуудын үндсэн хуулийн хэм хэмжээ тодорхой төвшинд нөлөөлөл үзүүлсэн байдаг. Тухайлбал, 1947 оны Италийн, 1949 оны ХБНГУ-ын үндсэн хууль засаг захиргаа-нутаг дэвсгэрийн нэгж, иргэний эрх, эрх чөлөө, үндсэн хуулийн шүүхийн тухай хэсэгт, 1975 оны Шведийн болон Скандиновын бусад орнуудын үндсэн хууль ард түмнийг хамгаалагч институт болох төрийн тэргүүний эрх зүйн байдлын хэсэгт нөлөөлөл үзүүлсэн байдаг. 
Үндсэн хуулийн олон санаа үндсэн хуулийн эрх зүй дээр тулгуурласан олон олон салбар хуулиудад тусгагдсан байдаг. Бүх ард түмний санал хураалтын төрөл, зүйчлэлийн тухай, үндсэн хуулийн шүүхийн тухай, ард түмний хамгаалагчийн тухай, шүүх эрх мэдлийн ерөнхий зөвлөлийн тухай, төрийн зөвлөлийн тухай, шашны эрх чөлөөний тухай, эвлэлдэн нэгдэх үйл ажиллагааг хянан зохицуулах тухай зэрэг олон хуулийг энд дурдаж болох байна.
Өөрчлөн найруулах дэгийн хувьд Испаны үндсэн хуулийг туйлын хатуу хууль хэмээн судлаачид онцолсон байдаг. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг “Үндсэн хуулийн шинэтгэлийн тухай” гэх 10 дугаар бүлгээр зохицуулсан байна. Хууль санаачлах эрх засгийг газар, төлөөлөгчдийн конгресс, өөртөө засах эрх бүхий бүс нутгийн хурлуудад хадгалагдана. Үндсэн хуулийг өөрчлөн сайжруулах хуулийн төслийг Кортесийн хоёр танхим хэлэлцэн баталсан байх ёстой бөгөөд танхим бүрийн гишүүдийн тавны гурав буюу олонх зөвшөөрсөн тохиолдолд хэлэлцэн батална. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар Кортесийн хоёр танхим санал зөрөлдсөн бол уг саналыг Сенат буюу дээд танхимийн бүх гишүүдийн, Төлөөлөгчдийн Конгресс буюу доод танхимийн нийт гишүүдийн гуравны хоёрын дэмжлэг авсан тохиолдолд баталж болно. Хоёр танхим сайшаан баталснаас хойш 15 хоногийн дотор нийт ард түмний санал хураалтаар хэлэлцүүлэх журамтай.
Үндсэн хуулийг бүхэлд нь болон хэсэгчилсэн байдлаар, ялангуяа “иргэний эрх, эрх чөлөө”, “эзэн хааны” тухай гэх хэсэгт хамаарал бүхий нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргавал хоёр танхимийн нийт гишүүдийн гуравны хоёрын саналаар сайшаагдсан байх ёстой. Сайшаагдсан тохиолдолд Ерөнхий Кортес бүрэн бүрэлдэхүүнээрээ тарна. Дахин сонгогдож байгуулагдсан танхимууд шинэ үндсэн хуулийн төслийг танхим бүрийн гишүүдийн гуравны хоёрын дэмжлэгээр сайшааж болох бөгөөд ингэснээр бүх ард түмний санал хураалтаар эцэслэн шийдвэрлэнэ. Үндсэн хуулийн 116 зүйлд заасан байдал, эсвэл дайн бүхий байдал, аюулт байдал, онц байдал зарласан үед үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хориотой.
1978 оны Испаны үндсэн хууль нь агуулгын хувьд 10 бүлэг, 169 зүйл, нэмэлт бүрдлээс тогтоно. Үндсэн хуулийн тунхаг хэсэгт Испаны ард түмний нэрийн өмнөөс ард түмний хөгжил цэцэглэлтийг хангахын зорилгоор бүх нийтийн сайн сайхан байдал, аюулгүй байдал, эрх чөлөө, шударга ёсыг тогтоох шаардлага байгааг дурдсан байна.
Тэрчлэн шинэ улсын хөгжлийн зорилго нь нийгэм, эдийн засгийн шударга ёсонд нийцүүлж ардчилсан байдлаар зэрэгцэн орших, хууль ёсыг дээдлэх, иргэний эрх, эрх чөлөөг хангах, дэвшил хөгжил, соёл, эдийн засаг бүхий эрх зүйт төрийг тогтоох, тэргүүний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, улс түмнүүдийн дунд энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулах хэмээн заасан байна.
Үндсэн хуульд Испани улс нь эрх чөлөө, шударга ёс, тэгш байдал, улс төрийн олон ургальч санааг дээд үнэт зүйлсээ хэмээн зөвшөөх эрх зүйт, нийгмийн ардчилсан улс мөн гэж заажээ. Үүний зэрэгцээ үндсэн хуульт хаант засаглалын хэлбэрийг хуульчилсан байна. Үндэсний бие даасан байдлын баталгаа Испаны ард түмэн мөн бөгөөд засаг төрийн бүх эрх мэдэл ард түмнээс эхтэй гэжээ. Эв санааны нэгдлийн зарчмаар холбогдсон Испаны бүрэдлэхүүн дэх аливаа үндэстний өөртөө засан тохинох, бие даах эрхийг хүндэтгэнэ гэжээ. Улс төрийн олон ургальч байдлыг улс орны суурь үндэс гэсэн байна. Энэ зарчимд тулгуурлан улс төрийн намууд засаг төрийн эрхийг ээлжлэн барихын зэрэгцээ ард түмний оролцоог хангах үүрэгтэй. Үндсэн хуульд намууд үүсэх үйл явц, түүний үйл ажиллагаа, зохион байгуулалтын ардчилсан шинжийг нарийвчлан заасан байна. Түүнчлэн үйлдвэрчний эвлэл, үйлдвэр эрхлэгчдийн холбоо зэрэг сайн дурын байгууллагуудад нэгэн адил үйлчилнэ гэжээ. Үндсэн хуулийн долдугаар зүйлд зэвсэгт хүчний гол зорилго нь Испаны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутаг, үндсэн хуульт байгууллын халдашгүй дархан баталгаа мөн гэж дурджээ. Ингэхдээ зэвсэгт хүчний зохион байгуулалтыг үндсэн хуульд нийцүүлж тусгай байгууллага тодорхойлно гэсэн байна (Баглай, 2004, хуудсд. 578-580).
§ 3. ИРГЭНИЙ ҮНДСЭН ЭРХ, ҮҮРЭГ
Испаны үндсэн хуульд иргэний эрх, эрх чөлөөний тухай нэлээд тодорхой зааж өгсөн байна. Өөрөөр хэлбэл, энэ талаас нь авч үзвэл Испаны үндсэн хууль Европ тивдээ хамгийн ардчилсан эрх зүйн бүрдүүлбэр гэж үзэж болох юм. Урт удаан хугацааны туршид Франкогийн дарангуй засгийн нөлөөгөөр эрх чөлөөгүй байж ирсэн нь үндсэн хуулийн иргэний эрх, эрх чөлөө гэсэн хэсэгт онцгой ач холбогдол өгөхийн угтал болжээ. Хууль ёсыг хүндлэх, бие хүний эрх чөлөөт хөгжлийг эрхэмлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх нь социаль ертөнц, улс төрийн байгууллын үндэс гэж заасан нь яав ч тохиолдлын шинжтэй хэрэг биш байв. Үндсэн хуулиас гадна Испани улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлцэл, хүний эрхийн түгээмэл тунхаглал зэрэг нь иргэний эрх, эрх чөлөөг бататган бэхжүүлэх чухал хэрэглүүр болдог байна. Засаг төрийн эрх мэдлийн зүгээс хүний язгуур эрх, эрх чөлөөг хангах, иргэн хүн улс төр, эдийн засаг, соёл, нийгмийн амьдралд оролцох эрхээ эдлэх нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй.
Үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөөг өргөн хүрээгээр баталгаажуулсан байна. Хүн бүр амьд явах, халдашгүй дархан байх, ямар нэгэн ялгаварлалд өртөхгүй байх бүрэн эрх чөлөөтэй. Дайн бүхий үед цэргийн гэмт хэрэг үйлдсэнээс бусад тохиолдолд хүнд цаазаар авах ялыг хэрэглэж үл болно. Үзэл бодлоо илэрхийлэх, шашин шүтэх, эс шүтэх, эвлэлдэн нэгдэх эрхийг үндсэн хуулиар зүйлчилсэн байна. Хэнийг ч үзэл бодол, шашин шүтлэгийн улмаас ялгаварлан гадуурхаж үл болно.
Үндсэн хуульд төр, сүм хийдийн харилцааны асуудалд нэлээд нухацтай хандсан байна. Хэдийгээр Испаны нийгмийн уламжлалт шашин католиг шүтлэг боловч аль нэг шашинд давуу байдлаар хандах, төрийн хэмжээнд авч үзэх учиргүйг заасан байна. Уламжлалт католиг шүтлэгт оронд үндсэн хуулийн уг заалт онцгой ач холбогдолтой байсан юм.
Шашин, шүтлэгийн асуудлаарх үндсэн хуулийн заалтыг 1980 оны долдугаар сарын 5 нд гаргасан “Шүтэн бишрэх эрх чөлөөний тухай” гэх хуульд нарийвчлан тусгасан байна. Испани улсад шашин шүтэх, эс шүтэх, өөр шашныг дотночлох явдалд төр баталгаа гаргана хэмээн заасан байна. Шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхахыг хатуу хориглосон.
Үүний хамт салбар хуульд шашин шүтэх, эс шүтэх гэсэн ойлголтыг утга санааны хувьд нэг мөрчлөх гэж оролдсон байна. Хуульд уг эрх чөлөөнд хүний шашин шүтэх, эс шүтэх, сүсэг бишрэлээ сонгох, аливаа шүтлэгээс татгалзах, сонгосон шүтлэгийн дагуу гэр бүл зохиох, баяр ёслол үйлдэх, өвгөдөө нутаглуулах зэрэг зан үйлийг цогцод нь ойлгоно гэж заажээ.
Сүм хийд байгуулах, шүтлэгийн газраа сонгох, сүм хийдийн зүгээс үйл ажиллагааны хүрээнд бусад сүм хийдтэй харилцаа тогтоох зэрэг асуудлыг зохицуулсан. Мэдлэг хуримтлуулах, бусадтай туршлагаа хуваалцах, шинжлэх ухааны үйл эрхлэх зэрэг нь уг хуулиас гадуур үйл болохыг заасан байна. 
Хуульд сүм хийд, шашны шинж чанартай байгууллагын статус, улсын бүртгэлийн газар хэрхэн бүртгэлжүүлэх зэрэг харилцааг тусгасан байна. Дээр дурдсан байгууллагууд нь өөртөө бүрэн бие даасан байхын зэрэгцээ зохион байгуулалтын бүтэц, дотоод харилцаа, ажилтны хөдөлмөрийн үйл ажиллагааг бие даан шийдвэрлэх бүрэн эрхтэй.
Хуульд нийцсэн төрийн бодлого нь улс орны хүн амын оюун санааны амьдралд нөлөө бүхий шашны байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ боловсруулах, байгуулах асуудал юм. Энэ зорилгоор Испаны хууль зүйн яамны дэргэд шашны байгууллагатай хамтран ажиллах ажлыг хариуцсан, мэдээлэл цуглуулах, цуглуулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийх, зөвлөмж боловсруулах чиг үүрэг бүхий тусгай зөвлөх хороог байгуулсан байна. Зөвлөх хорооны бүрэлдэхүүнд төрийн байгууллага, үйлдвэрчний эвлэл, шашны байгууллага болон тухайн салбартаа нэр хүнд бүхий хүмүүсийг оруулна.
Үндсэн хуулийн хүрээнд хүн нэг бүрийн аюулгүй, эрх чөлөөт байдлыг хуульчилсан байна. Ямар ч тохиолдолд хүний эрх чөлөөг 72 цагаас илүү хугацаагаар хязгаарлаж болохгүй. Хугацаа дууссан тохиолдолд чөлөөлөх, эсвэл шүүх эрх мэдлийн байгууллагад шилжүүлнэ. Баривчлагдсан хүн тусгай өмгөөлөгч байлцуулсны үндсэн дээр байцаалтын болон шүүх ажиллагаанд оролцоно. Үндсэн хуульд тусгасан чухал эрхэд хүний нэр төр, гэр бүл, орон байр, шуудан харилцааны халдашгүй дархан байдал, оршин суугаа газраа чөлөөтэй сонгох, нутаг орноосоо цагаачлах, Испани улсад дүрвэн ирэх эрх чөлөө болно. Орогнол хүсэх эрхийг улс төрийн юм уу үзэл суртлын үнэлэмжээр хязгаарлахыг хориглоно.
Үндсэн хуульд мэргэжлийн нууцыг хадгалах, бусдын нэр төрд харшлаагүй тохиолдолд ямар ч байдлаар мэдээлэл олж авах эрхийг хүлээн зөвшөөрсөн байна. Урьдчилсан хязгаарлалт хийх замаар хүний уг эрхэд халдахыг хориглоно. Үүний хамт төрөөс хамаарал бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хууль тогтоох хурлын зүгээс хяналт тавихыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэрчлэн энэ төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон ургальч байдал, ашиг сонирхол, талуудын тэгш хэмт оролцоог хангах ёстойг онцолсон. Хүний нэр төр, халдашгүй дархан байдлыг хамгаалах үүднээс мэдээлэл ашиглалтад хязгаарлалт хийж болохыг тусгасан байна. Гэвч бусад төрлийн мэдээллийн хэрэгслийн хувьд зөвхөн шүүхийн шийдвэрээр хязгаарлах боломжтой.
Хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд нь шүүхийн зүгээс үр ашигтай хамгаалалтын механизм бүрдүүлэх ёстой. Хэнд ч ийм механизм бүрдүүлэхээс татгалзаж болохгүй гэжээ.
Иргэн хүн өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг гаргахгүй байх, хийгээгүй хэргийнхээ төлөө ял шийтгэл эдлэхгүй байх, шүүхэд өөрийгөө өмгөөлөх зэрэг эрх эдлэхийг үндсэн хуулиар баталгаажуулсан. Үүний зэрэгцээ эрх чөлөөгөө хасуулах болон бусад төрлийн шийтгэл нь хүмүүжлийн шинж чанартай болохыг хуульчилсан. Шүүхийн тогтоолоор хязгаарлуулснаас бусад тохиолдолд албадан хөдөлмөр эрхлэх хугацаандаа хүн үндсэн эрхээ эдлэж болохыг заасан байна. Гэвч ямар ч тохиолдолд цалин хөлс авах, нийгмийн даатгалд хамрагдах, өөрийгөө хөгжүүлэх хүний эрхийг үгүйсгэж болохгүйг онцолсон.
Хүн бүр сурч боловсрох эрхтэй. Анхан шатны боловсрол үнэ төлбөргүй байна. Өөрийнх нь итгэл үнэмшилд нийцүүлж үр хүүхэддээ шашны боловсрол олгох нь эцэг, эхийн журамт үүрэг мөн. Их сургуулиудын хараат бус байдлыг үндсэн хуулиар баталгаажуулж өгсөн. Иргэн хүнд нийгэм-эдийн засгийн шинж чанартай өргөн эрх чөлөө эдлүүлэхээр хуульд заасан байна. Өмч хөрөнгө эзэмших, ашиглах, үр хүүхэддээ өвлүүлэх бүрэн эрхтэй. Испани хүн ажил мэргэжлээ сонгох, хөдөлмөрлөх, шагнал урамшуулал хүртэх, өөрийн болон гэр бүлийн хэрэгцээгээ хангах эрхтэй. Ингэхдээ хөдөлмөрлөх нь Испан хүний журамт үүрэг болохыг заасан байна.
Аж ахуйн хүрээнд ажил, үйлчилгээ эрхлэх, түүнийгээ эдийн засгийн ашиг сонирхолтойгоо уялдуулж хамгаалуулах эрхтэй. Төр испани иргэдийн эрх ашигт нийцүүлж хөдөлмөрийн үйл ажиллагааны нийгэм-эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, гадаадад амьдарч буй иргэд эх орондоо эргэн ирэхэд нь дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Ахмад настны эдийн засгийн баталгааг хангаж, насны амралтад гарахын цагт тодорхой хэмжээний тэтгэмж олгоно.
Үндсэн хуулиар хэрэглэгчийн эрхийг хуулиар баталгаажуулж өгсөн. Иргэдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шаардлагатай мэдээллээр хангах нь төрийн үүрэг мөн. Иргэн хүний улс төрийн эрх, эрх чөлөөг үндсэн хууль болон түүнд нийцүүлж гаргасан бусад хууль тогтоомжоор зохицуулж өгсөн байна.
Юуны түрүүнд ард нийтийн санал асуулгад хэрхэн оролцох тухай заасан байна. Энэ зорилгоор сонгуулийн хэм хэмжээний тухай хууль-зарлиг, орон нутгийн сонгуулийн тухай хууль, бусад салбар хуулийг гаргасан. Сонгуулийн идэвхтэй эрх 18 насанд хүрсэн испани хүнд олгогдоно. Сонгогч улс төрийн эрх чөлөөг бүрэн эдэлнэ. Сонгуульд тэгш, шударга, бүх нийтээр, шууд өгөх зарчмаар сонгуульд оролцохыг сонгуулийн эрх гэнэ.
Улс төрийн аливаа нэгэн үйл ажиллагаанд оролцохгүй байх иргэний эрхийг тусгайлан зааж өгөөгүй байна. Испаны үндсэн хуулинд зааснаар иргэн хүн ард нийтийн санал асуулгад оролцох эрхтэй. 1980 оны салбар хууль бүх төрлийн ард нийтийн санал асуулгыг нарийвчлан зохицуулсан байна. Ард нийтийн санал асуулгыг засгийн газрын тэргүүний санал болгосноор засгийн газар, эсвэл хурлын даргын санал болгосноор Төлөөлөгчдийн Конгресс явуулна. Засгийн газраас зөвшөөж, Төлөөлөгчдийн Конгрессийн дарга гарын үсэг зурснаар ард нийтийн санал асуулгын товыг эзэн хаан тогтооно. Ард нийтийн санал асуулгыг онц байдал зарласан болон онц байдал цуцалснаас хойших 90 хоногийн хугацаанд зохион явуулахыг хориглоно. Тэрчлэн аль нэг шатны сонгууль болохоос өмнөх 90 хоног болон болсноос хойших 90 хоногийн хугацаанд зохион явуулахыг хориглоно. Ард нийтийн санал асуулга явуулах журам нь Испаны сонгуулийн эрх зүйн ерөнхий зарчимд захирагдана. Хууль тогтоох хуралд суудал бүхий улс төрийн хүчнүүдийн саналын дагуу ард нийтийн санал асуулга зохион явуулах үүрэг бүхий сонгуулийн зөвлөл байгуулдаг байна. Олон нийтийн хэвлэлийн мэдээллийн хэрэгслийг улс төрийн хүчнүүд ашиглах, төлбөргүй эфирийн цаг хуваарилах зэргийг Ерөнхий Кортест авсан суудалтай нь нийцүүлж олгодог байна. Сонгуулийн уртдчилсан кампанит ажил 10 хоногоос багагүй, 20 хоногоос ихгүй хугацаанд үргэлжлэх бөгөөд сонгуулийн өмнөх өдөр дуусгавар болно. Санал өгөхөөс өмнөх 5 хоногт ямар нэгэн байдлаар сурталчилгааны материал тараах, олон нийтийг хамарсан судалгаа авах зэргийг хориглодог байна.
Санал өгөх байранд тийм, үгүй гэсэн хоёр хариултын аль нэгийг дугуйлж саналаа нууцаар өгнө. Сонгуулийн салбар зөвлөлөөс сонгуультай холбоо бүхий ямар нэгэн зөрчил гараагүй гэж үзвэл сонгуулийн төв зөвлөл сонгууль болсноос хойших тав хоногийн дотор багтаан албан ёсны дүнг нийтэд мэдээлнэ. Албан ёсны мэдээлэл цацагдсан даруйдаа хүчин төгөлдөр болно. Ямар нэгэн төрийн байгууллагын юм уу хууль тогтоох хурлын батламж шаарддаггүй байна.
Испаны иргэд эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан зохион байгуулах эрхтэй. Харин жагсаал, цуглаан хийх тухайгаа албан ёсоор төр засгийн байгууллагад урьдчилсан байдлаар мэдэгдсэн байх ёстой бөгөөд хүний эд хөрөнгө, амь нас, нийгмийн дэг журамд заналхийлсэн тохиолдолд хориглоно. Хүнийг хууль бусаар тагнах, мөрдөн мөшгих, залхаан цээрлүүлэхийг хориглоно. Иргэдийн эвлэлдэн нэгдэх үйл ажиллагааг шүүхийн шийдвэрээр таслан зогсоох, юм уу хориглож болно. Үндсэн хуульт байгууллыг өөрчлөх зорилго бүхий улс төрийн хүчин, зэвсэгт бүлэглэл бий болгохыг хуулиар хориглосон. Бусад орны үндсэн хуулиас ялгаатай онцлог нэг санаа тусгагдсан байдаг нь Испани улсын нутаг дэвсгэрт амьдарч буй гадаадын иргэн, харьяалалгүй хүнд улс төрийн эрх эдлүүлэх тухай зүйл юм. Улс хоорондын гэрээ хэлцэл, дотоодын хууль тогтоомжид нийцүүлэн гадаадын иргэн, харьяалалгүй хүнд улс төрийн эрх эдлүүлж болно хэмээн заасан байна.

Дээрхээс гадна, улс эх орноо батлан хамгаалах, гадны халдлагаас сэргийлэх, нийгмийн аюулт үзэгдэл бий болсон үед тусламж дэмжлэг үзүүлэх, татвараа төлөх зэрэг иргэний журамт үүргийг хуульчилсан байдаг. 
§ 4. ЭЗЭН ХААН
Төрийн эрх мэдлийн дээд шатны байгууллагын тогтолцоонд Испаны үндсэн хууль ёсоор эзэн хаан чухал байр суурь эзэлдэг. 1947 оноос хойш Испани улс эзэн хаант засаглалтай байна. Дарангуйлагч Ф. Франкогийн үед засаглалын хэлбэрийг эрх зүйн хүрээнд нарийвчлан тогтоож өгөөгүй. Үүний зэрэгцээ каудильо засгийн газрын тэргүүний албыг үүрэглэж байсан. 1947 онд “Улсын тэргүүний албан тушаал байгуулах тухай” хуулийг баталсан байна. Уг хуулиар эзэн хаант засаглалын хэлбэрийг тогтоосон боловч үнэн чанартаа улсыг удирдах хэрэгт каудильо буюу засгийн газрын тэргүүн Ф. Франко зонхилох нөлөөтэй байж иржээ.
Каудильо буюу засгийн газрын тэргүүн генерал Ф. Франко угсаа залгамжилсан эзэн хааны тусламжтайгаар дарангуй засгаа урт удаан хугацаанд хадгалан үлдэж чадсан юм. Генерал Ф. Франко нас барсны дараа 1975 онд л одоогийн эзэн хаан Хуан Карлос I де Бурбон улсын тэргүүн болсон түүхтэй. Франкогийн хөөн гаргасан Испаны эзэн хааны хүү хунтайж Хуан Карлос Ром хотноо мэндэлж, Швейцарь, Португалид боловсрол эзэмшсэн. 1948 онд Испанид ирээд цэргийн болон иргэний салбарт амжилт олсон. Эзэн хаан франц, англи, португали, итали, герман хэлэнд зэгсэн боловсорсон нэгэн. Хаан ширээнд суусны дараагаар Хуан Карлос Испани улсыг авторитари дэглэмээс ардчилсан сонгуульт засагтай болоход жинтэй хувь нэмэр оруулсан байдаг. 
1978 оны үндсэн хуулиар Испани улс парламентын эзэн хаант засагтай орон болж, хаан ширээг эзэнт улсын хууль ёсны залгамжлагч Хуан Карлос I де Бурбон  өвлөн авсан. Хаан ширээг залгамжлах асуудал ууган хүүд шилжих болон төлөөлөн сонгох зарчмаар хийгддэг. Хааны удмын хоёр хүү байгаа тохиолдолд насаар ахмад нэгэнд нь хаан ширээ өвлөгдөнө. Эрэгтэй, эмэгтэй хүүхэд байгаа бол эрэгтэй хүүхэд хаан ширээнд сууна.  Хаан ор залгах ханхүү Астурын Ханхүү гэгдэнэ. Угсаа залгах ханхүүд байхгүй тохиолдолд Ерөнхий Кортес хаан удмынхан дундаас улсын ашиг сонирхолд нийцүүлж өв залгамжлагчийг тодруулна. Эзэн хаан нас бие гүйцээгүй бол эх нь юм уу эцэг нь, хэрэв эцэг, эх нь үгүй бол ойр дотны төрөл төрөгсөд хууль тогтоомжид нийцүүлж хаан эзнийг нас бие гүйцэх хүртэл засаг төрийн хэргийг хамаарна.
Хэрэв засаг түр хугацаанд орлон барих хүн удам дотор нь үгүй бол Ерөнхий Кортес гурав юм уу таван хүний бүрэлдэхүүнтэй засаг барих хороо байгуулж болно. Иргэний эрх, эрх чөлөө, муж улсуудын өөртөө засан тохинох эрхийг хүндэтгэхийн зэрэгцээ өөрийн үүргийг чин шударгаар хэрэгжүүлэхээ тангарагласны дараа Ерөнхий Кортес түүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрнө. Угсаа залгамжлах хунтайж нас биед хүрэх үед түүний өмнөөс засаг баригчид эзэн хаандаа тангараг өргөн үүргээ шилжүүлнэ. 
Үндсэн хуульд зааснаар эзэн хаан нь улсын тэргүүн, ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг, төрийн үйл ажиллагааг хөтлөн явуулагч, дээд заргач, олон улсын харилцаанд Испан улсын төлөөлөх дээд албан тушаалтан мөн. Эзэн хаан халдашгүй дархан бөгөөд ямар ч хариуцлага үл хүлээнэ. Эзэн хааны бүх баримтад засгийн газрын тэргүүн, харьяалах асуудал эрхэлсэн салбарын сайд гарын үсгээ зурна. Засгийн газрын тэргүүний албан тушаалд нэр дэвшигчийг санал болгох, уг албан тушаалд томилох, тэрчлэн засгийн газрыг татан буулгах эзэн хааны шийдвэрт Төлөөлөгчдийн Конгрессийн дарга гарын үсэг зурна. Сайдын гарын үсэггүй эзэн хааны шийдвэр хүчин төгөлдөр бус бөгөөд үүнд харьяалах асуудал хариуцсан сайд нар хариуцлага хүлээнэ.
Эзэн хаан ордны иргэний болон цэргийн хэрэг хамаарагчдыг сайдын гарын үсэггүй огцруулах, чөлөөлөх, мөнхүү албан тушаалд хүмүүс томилох эрхтэй. Эзэн хаан улсын төсвөөс жил бүр тогтоосон хэмжээгээр тэтгэмж авах бөгөөд түүнийгээ захиран зарцуулах бүрэн эрхтэй.
Эзэн хааны бүрэн эрх үндсэн хуулиар тодорхойлсон үйл ажиллагааны тодорхой хүрээнд хамааралтай. Юуны түрүүнд, хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хүрээн дэх харилцаанд хамаарна. Эзэн хаан Ерөнхий Кортесоос сайшаасан хуулийг авч хэлэлцэх, түдгэлзүүлэх эрхтэй. Гэхдээ үндсэн хуулиар эзэн хаанд хууль санаачлах эрх олгоогүй. Эзэн хаан Ерөнхий Кортесийн сонгуулийн товыг зарлах, чуулган хуралдуулах, засгийн газрын санал болгосны дагуу хууль тогтоох хурлыг тараах эрхтэй. Үндсэн хуульд заасны дагуу эзэн хаан улс оронд ард нийтийн санал асуулга зохион явуулж болно.
Эзэн хааны загийн газартай харилцах эрх дараах байдлаар илэрнэ. Үндсэн хуульд заасны дагуу засгийн газрын тэргүүнд хүн нэр дэвшүүлэх, томилох, чөлөөлөх санал Төлөөлөгчдийн Танхимд оруулж болно. Засгийн газрын тэргүүний санал болгосны дагуу эзэн хаан Испаны засгийн газрын гишүүдийг томилж чөлөөлж болно. Хэрэв шаардлагатай гэж үзвэл засгийн газрын тэргүүний хүсэлтээр эзэн хаан засгийн газрын хуралдааныг даргалж болно.
Гадаад бодлогын хүрээнд эзэн хаан үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлж Испаны олон улсын өмнө хүлээх үүргийг талаар шийдвэр гаргаж болно. Ерөнхий Кортестой урьдчилан зөвшилцсний үндсэн дээр эзэн хаан дайтах, найрамдах асуудлыг хөндөж болно. Эзэн хаан гадаадад суух дипломат төлөөлөгчийн газрын ажилтан, сайд нарыг томилно. Испани улсад суух гадны улсын төлөөлөгчдийн итгэмлэх жуух бичгийг гардан авна. Зэвсэгт хүчний дээд ерөнхий командлагч байх, цэргийн болон иргэний төрийн өндөр албан тушаалтныг томилж чөлөөлөх, одон, медаль гардуулах, өршөөл үзүүлэх, эзэн хааны академийн хүндэт гишүүн болгох зэрэг нь эзэн хааны эрхэд мөн адил хамаарна.
§ 5. ЕРӨНХИЙ КОРТЕС
Английн хууль тогтоох байгууллагатай зэрэгцэх хамгийн эртний хурал болох Испаны парламентад 1978 оны үндсэн хууль онцгой ач холбогдол өгсөн байдаг. Бүтцийн хувьд Ерөнхий Кортес хоёр танхимаас бүрдэнэ. Ерөнхий Кортесийн доод танхимийг Төлөөлөгчдийн Конгресс, дээд танхимийг Сенат гэнэ.
Үндсэн хуульд зааснаар Төлөөлөгчдийн Танхим нь 300-400 төлөөлөгчөөс бүрдэх бөгөөд дөрвөн жилийн хугацаагаар бүх нийтийн, тэгш, шууд, нууц санал хураалтын үндсэн дээр сонгогддог. Төлөөлөгчдийн Танхимийн сонгууль сонгуулийн тойрогоор хувь тэнцүүлсэн тогтолцоогоор явагдах бөгөөд Испаны бүх муж улсыг хамардаг (Тэдний тоо 50). Сонгуулийн тойрог бүрт багадаа нэг төлөөлөгч сонгогдохоор зохион байгуулж муж улсын хүн амыг төлөөлөгчдийн тоотой хувь тэнцүүлж хуваарилдаг. Өмнөх хууль тогтоох хурлын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсоноос хойших 30-аас, 60 хоногийн хооронд Төлөөлөгчдийн Конгрессийн сонгуулийг зохион явуулдаг. Сонгогдсон төлөөлөгчид сонгууль болсоноос хойш 25 хоногийн хугацаанд чуулганыг зарлан хуралдуулна.
Дээд танхим— Сенат — нь нутаг дэвсгэрийн төлөөллийн байгууллага юм. Үндсэн хууль болон тэдгээрт нийцүүлж гаргасан бусад хууль тогтоомжоор Сенатын тухай нарийвчлан заасан байна. Муж бүр дөрвөн сенатыг бүх нийтийн, эрх чөлөөт, тэгш, шууд, нууц санал хураалтаар сонгоно. Арлын мужууд үндсэн хуульд заасан журмын дагуу, харин өөртөө засан тохинох эрх бүхий нэгжүүд нутаг дэсвгэртээ оршин суугаа нэг сая иргэнд нэг сенат гэсэн томьёоллоор сонгоно. Өөртөө засан тохинох нэгжийн хууль тогтоох хурал сенат сонгох асуудлыг шийдвэрлэнэ. Сенат дөрвөн жилийн хугацаагаар сонгогдоно. Сенаторын мандатын хугацаа дөрвөн жилийн дараа шинээр сенатор сонгогдож, танхим тарсны дараа дуусгавар болно. Сонгуулийн хуулиар сенаторын албан тушаалыг үндсэн хуулийн шүүхийн юм уу засгийн газрын гишүүн, ард түмнийг хамгаалагч, шүүхийн гишүүн, шүүгч, прокурор, мэргэшсэн цагдаагийн албан хаагч, зэвсэгт хүчний алба, сонгуулийн ерөнхий хорооны гишүүн зэрэг төрийн удирдлагын өндөр дээд албан тушаалтай хавсран хашихыг хориглодог байна.  
Төлөөлөгч, сенатор нь сонгогдсон хугацаандаа халдашгүй дархан эрхтэй байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн нь тогтоогдсон тохиолдолд цуцална. Харьяалах танхимаас урдьчилан зөвшөөрөл авалгүйгээр гэм буруутайд тооцох, шүүхэд татахыг хориглоно. Кортесийн төлөөлөгч үзэл бодлоо илэрхийлэх, хууль тогтоох ажлаа хэрэгжүүлэх эрх чөлөөтэй байна. Нэг төлөөлөгч юм уу сенатор хууль зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд улсын дээд шүүхийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх танхим уг асуудлыг авч үзнэ.
Танхимууд үйл ажиллагааны журмаа гаргаж, төсөв батлан ажилтан, албан хаагчдынхаа байр суурийг тодорхойлохын зэрэгцээ чуулганы товоо зарлах, даргаа сонгох эрх эдэлнэ. Танхим бүр жилд хоёр удаа чуулна: Эхнийх нь есдүгээр сараас арванхоёрдугаар сар хүртэл, хоёр дахь нь хоёрдугаар сараас зургаадугаар сар хүртэл үргэлжилнэ. Засгийн газар, Кортесийн байнгын хороо, эсвэл танхимийн төлөөлөгчдийн олонхийн саналаар хэлэлцэх асуудал гарсан үед онц чуулганыг зарлан хуралдуулж болно. Хэлэлцэх асуудлыг эцэслэх шийдвэр гарснаар чуулганы үйл ажиллагаа дуусгавар болно.
Кортесийн өөр нэг хэлбэр нь хуулийн төсөл нэг бүрийг урьдчилсан байдлаар хэлэлцэж, танхимийн хуралдаанд эцэслэн оруулах чиг үүрэг бүхий байнгын хороо болно. Үндсэн хуульд танхим хуулийн төсөл санаачлах, боловсруулах, өөрийн санал болгосон хуулийн төслөөр танхимийн хуралдаан зарлан хуралдуулах эрхээ байнгын хороонд шилжүүлж болно гэж заасан байдаг. Гэхдээ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, олон улсын харилцаа, улсын төсвийн хуулиар эрх шилжүүлэхийг хориглосон байна.
Танхим бүр хууль тогтоох хурлын төлөөлөгчдийг хувь тэнцүүлж хуваарилсан 21-ээс доошгүй хүнээс бүрдэх байнгын хороо байгуулж болдог байна. Тэдгээр нь танхимийн онц чуулганыг зарлан хуралдуулах, чуулганаас дараагийн чуулганы хооронд танхимийн эрх мэдлийг чиглүүлэх чиг үүрэгтэй байна. Танхимийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох юм уу тарсан тохиолдолд танхимийн байнгын хороо Ерөнхий Кортес шинээр эмхэлэгдэх хүртэл бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.
Хэрэв үндсэн хууль болон бусад хуульд өөрөөр заагаагүй бол хуралдааныг нээхэд танхим бүрийн төлөөлөгчдийн талаас илүү хувь нь байх шаардлагатай бөгөөд танхим бүрийн төлөөлөгчдийн үнэмлэхүй олонхийн саналыг түшиглэн асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ. Төлөөлөгч, сенаторыг сонгох үйл ажиллагаа биечлэн явагдах бөгөөд бүрэн эрхээ өөр этгээд, гуравдагч хүнд шилжүүлэхийг хориглоно. Танхимийн хуралдааныг явуулахдаа зохих танхимийн төлөөлөгчдийн олонхийн саналд түшиглэн хаалттай хэлбэрээр явуулж болно.
Үндсэн хуулиар хууль тогтоох хурал буюу Ерөнхий Кортес, засгийн газар хоорондын харилцааны асуудлыг зохицуулах оролдлого хийсэн байна. Энэ хүрээнд гаргасан хууль тогтоомжид нийцүүлж журам боловсруулах, гаргах, мөрдүүлэх тэрчлэн хүний эрх, эрх чөлөөг зохицуулах, бүх нийтийн сонгууль зохион явуулах, муж орон нутгийн өөртөө засан тохинох эрхийг баталгаажуулсан эрх зүйн акт гаргах эрхийг засгийн газарт хадгалуулж болно гэж заажээ. Тодорхой асуудлаар хууль тогтоох эрх мэдлийн чиг үүргийг засгийн газарт шилжүүлж болох бөгөөд уг үйл явц нь хатуу тогтоосон хугацаатай байна. Тодорхойгүй хэлбэр, тодорхойгүй цаг хугацаатайгаар эрх шилжүүлэхийг хориглоно.
Үндсэн хуульд зааснаар засгийн газраас өөр этгээдэд хууль тогтоох эрх шилжүүлэхийг хориглодог байна. Хууль тогтоох эрхэд тулгуурлан засгийн газраас гаргасан актыг хуульчилсан декрет хэмээн нэрлэнэ. Онц байдал үүссэн тохиолдолд засгийн газар төр, нийгмийн байгуулал, хүний эрх, эрх чөлөө, иргэний эрх, үүрэг, орон нутгийн байгуулал, өөртөө засан тохинох эрхийг хөндөхгүйгээр декрет хэлбэрээр түр хугацааны эрх зүйн акт гаргаж болно. Засгийн газрын декретийг хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс гуч хоногийн хугацаатай Төлөөлөгчдийн Конгрессийн хурлаар батламжилж болно.
Бас нэг онцлог шинж нь ард түмний хууль санаачлах эрхийг баталгаажжуулж өгсөнд оршино. Энэ тохиолдолд дор хаяж хагас сая сонгогчийн гарын үсэг түшиглэсэн байх ёстой. Гэхдээ уучлал үзүүлэх, олон улсын харилцаа, татварын чиглэлээр ард түмэн энэ эрхээ эдлэж үл болно.
Төлөөлөгчдийн Конгрессийн сайшаасан хуулийн төслийг Сенатад өргөн барина. Сенат хүлээн авсанаас хойших хоёр сарын хугацаанд хориг тавих, засвар хийх, эсвэл эцэслэн батлах саналаа гаргана. Хориг тавих эрхийг Сенатын гишүүдийн үнэмлэхүй олонхийн саналаар шийдвэрлэнэ. Сенатын тавьсан хориг юм уу санал болгож буй нэмэлт өөрчлөлтийг үнэмлэхүй олонхийн саналын дэмжлэг түшиглэн Төлөөлөгчдийн Конгресс хэрэгсэхгүй болгох эрхтэй.  Хэрэв засгийн газар юм уу Төлөөлөгчдийн Конгрессийн зүгээс өргөн барьсан хуулийн төсөл яаралтай шинж чанартай бол хуульд заасан хоёр сарын хугацааг 20 хоног болгож бууруулж болно. Ерөнхий Кортесоос сайшаасан хуулийн төсөлд улсын тэргүүн эзэн хаан хориг тавих эрхгүй. 50 хоногийн хугацаанд ямар ч хуулийн төслийг хэлэлцэн баталж, олон нийтэд тараан хүчин төгөлдөр мөрдүүлнэ.
Засгийн газрын тэргүүн ерөнхий сайдын саналаар Төлөөлөгчдийн Конгрессийн дэмжлэг түшиглэн эзэн хаан ард нийтийн санал асуулга зарлан хуралдуулна. Үндсэн хуульд зааснаар ард нийтийн санал асуулгыг улс төрийн тулгамдсан асуудлаар зарлаж болох бөгөөд гарсан шийдвэр нь төрийн эрх мэдлийн байгууллагад зөвлөх шинж чанартай байна.

Улс орон олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө үүрэг хүлээх олон улсын гэрээ, хэлэлцээг соёрхон батлах, эсэхийг засгийн газрын урьдчилсан зөвшөөрөлд тулгуурлан Ерөнхий Кортес шийдвэрлэнэ. Эдгээрт улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал, хүний эрх, эрх чөлөө, иргэний үүрэг, улсын төсөв санхүүтай хамаарал бүхий гэрээ, хэлцэл багтана. Испанид албан ёсоор хэвлэгдсэн даруйдаа олон улсын гэрээ, хэлцэл дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ хэмээн үндсэн хуульд заасан байна. 

Эх сурвалж


Баглай, М. В. (Ed.). (2004). Конституционное право зарубежных стран: Учебник для вузов. Москва: Издательство НОРМА.



МОНГОЛЧИЛГО ХИЙСЭН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР
Цахим шуудангийн хаяг: otgonbayar.n@etugen.edu.mn

Wednesday, January 3, 2018

ЛЕКЦ №1. ҮНДСЭН ХУУЛЬ, ҮНДСЭН ХУУЛИЙН ЭРХ ЗҮЙ, ОЙЛГОЛТ, ҮҮСЭЛ ХӨГЖИЛ

Үндсэн хуулийн эрх зүйн тухай өгүүлэхийн өмнө үндсэн хууль гэж юуг хэлэх, хэдий үеэс үүссэн зэрэг асуудлыг хөндөх хэрэгтэй болов уу. Үндсэн хууль буюу конституци гэх үг нь латин хэлний constitutio – байгуулал, тогтоол, журам гэх хэлцээс гаралтай. Тодорхойлон хэлбэл, улс орны доторх хуулийн дээд хүч бүхий, бусад салбар хуулийн суурь болох тулгуур хуулийг хэлнэ. Нэг үгээр хэлбэл, төр улсын үндсэн зорилгыг томьёолсон эрх зүйн баримт бичиг мөн гэж үзэж болох талтай. Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад үндсэн хуулийг дараах хоёр аргаар хэлэлцэн баталж байна. Үүнд: 1. Бүх ард түмний санал асуулгаар хэлэлцэн батлах: 2. Улсынхаа хууль тогтоох хурлаар хэлэлцэн баталж байна.
Үндсэн хууль хэдий үед анх үүссэн тухайд эрдэмтэд өнөөг хүртэл нэгдсэн ойлголтод хүрч чадаагүй. Нэг хэсэг судлаачид эртний Грек-Ромын үетэй холбодог бол өөр нэг хэсэг эрдэмтэд АНУ-ын үндсэн хуультай, гурав дахь хэсэг эрдэмтэд Литовын их вант улсын 1529 оны 13 бүлэг, 283 зүйл бүхий хуультай холбон үздэг.
Эхний хандлагыг баримтлагчид Афин хот улсын хууль тогтоогч Солон, Клисфен, Спартын хууль тогтоогч Ликург нарын үйл ажиллагааг баримтжуулж авч үздэг. Харин хоёр дахь хандлагын төлөөлөгчид 1787 оны есдүгээр сарын 17 нд батлагдсан АНУ-ын үндсэн хуулийг гол баримтаа болгодог. Гурав дахь хандлагын төлөөлөгчид 1529 онд I Сигизмунд (1467-1548 он) хааны Литовын их вант улсын хуулийг чухалчилдаг. Нэгтгэн үзэхэд Литовын хууль үндсэн хуулийн түүхэн анхны хэлбэр байсан байх туйлын өндөр магадлалтай.
Өнөөдөр дэлхий дахинд хичнээн улс байгааг нэг бүрчлэн бүрэн дүүрэн тодорхойлох боломжгүй. Гэхдээ НҮБ-ын гишүүн нийт 193 улс байгаагаас үндсэн хуульгүй улс алга байна. Өөрөөр хэлбэл, үндсэн хууль гэдэг тухайн улс тусгаар тогтносон, бүрэн эрхт, олон улсын харилцааны хараат бус субьект байхын үндэс болдог ч гэж үзэх болох юм.
Үндсэн хууль гэж юуг хэлэх, хэдий үед үүссэн тухай асуудлаар тодорхой мэдлэг өгсөн болов уу. Тиймээс одоо бүгдээрээ үндсэн хуулийн хэлбэр, бүтэц, онцлог шинж, чиг үүргийн асуудалд анхаарлаа хандуулья.
Хэлбэрийг хувьд үндсэн хуулийг ерөнхийд нь бичмэл болон бичмэл бус гэж хоёр хуваадаг. Харин бичмэл үндсэн хуулийг нийлмэл болон олон бүрдэлт үндсэн хууль гэж ангилдаг. Нэмэлт, өөрчлөлт хийх боломж хийж өгсөн байдлаар нь аядуу, хатуу болон холимог гэсэн төрлүүдэд хуваадаг.
Үндсэн хууль бусад хуулиас дараах шинжээр онцлог ялгаатай. Үүнд:
·         Төрийн байгуулал, хүний үндсэн эрх, эрх чөлөө, төрийн хэлбэр, төрийн эрх барих дээд байгууллагуудын тогтолцоог нэгдсэн байдлаар хуульчилж өгдөг:
·         Хуулийн дээд хүчтэй:
·         Харьцангуй тогтвортой байдаг:
·         Бусад хуулийнхаа суурь болж өгдөг:
·         Тодорхой журмын дагуу хэлэлцэн баталж, нийтээр мөрддөг:
·         Үйл ажиллагааны шууд шинж чанартай:
·         Улсын бүх газар нутагт дээд хүч болдог.
 Үндсэн хууль дараах чиг үүргийг хэрэгжүүлдэг. Үүнд:
·         Журамлах чиг үүрэг:
·         Гадаад бодлогын чиг үүрэг:
·         Үзэл суртлын чиг үүрэг:
·         Хууль эрх зүйн чиг үүрэг болно.
Монгол улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 оны гэсэн дөрвөн үндсэн хуулийг хэлэлцэн баталж байсан. Анхдугаар үндсэн хууль 1924 оны арваннэгдүгээр сарын 26 нд батлагдсан. Нийтдээ 6 бүлэг, 50 зүйлтэй байсан. Дараагийн үндсэн хууль нь 1940 оны зургаадугаар сарын 30 нд батлагдсан. Бүтцийн хувьд 12 бүлэг, 95 зүйлтэй байсан. Гуравдугаар үндсэн хууль нь 1960 оны долдугаар сарын 6 нд батлагдсан. 10 бүлэг, 94 зүйлтэй. Дөрөв дэх үндсэн хууль нь 1992 оны нэгдүгээр сарын 13 нд батлагдсан бөгөөд нийт 6 бүлэг, 70 зүйлтэй болно. Эдгээр нь өөр өөрийн гэсэн онцлог шинжтэй байсныг дурдахгүй өнгөрч болохгүй юм.
МУ-ын үндсэн хуулийн эрх зүй нь эрх зүйн тогтолцоонд тэргүүлэх байрыг эзэлдэг. МУ-ын бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөө, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагын тогтолцоо, үйл ажиллагааны зарчим, төрийн байгууламж, нутгийн удирдлага, үндсэн хууль сахиулах баталгааг бататган бэхжүүлж зохицуулан тохируулж буй эрх зүйн хэм хэмжээнүүдийн цогцыг үндсэн хуулийн эрх зүй гэнэ.
Үндсэн хуулийн эрх зүйн зохицуулах зүйл нь уг эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдаж буй нийгмийн харилцаа болох МУ-ын бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөө, төрийн байгуулал, зарчим, тэдгээрийн үйл ажиллагаа, зохион байгуулалтыг тогтоон бататгах явцад үүссэн үндсэн хуулийн эрх зүйн харилцаанууд байна.
Эдгээр харилцааг дараах байдлаар ангилан үзэж болно. Үүнд:
·         МУ-ын бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэхтэй холбогдож үүссэн эрх зүйн харилцаа. Энэ харилцаа нь МУ-ын тусгаар тогтносон бүрэн эрх, төрийн захиргааны болон төрийн байгууламжийн хэлбэр, төрийн үйл ажиллагааны зарчим, засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх ёс, тус улсын эдийн засаг, нийгэм, улс төрийн тогтолцоо, үндэсний аюулгүй байдлыг хангах болон төрийн гадаад бодлого, батлан хамгаалах бодлогын үндсийг тогтоон бэхжүүлэх явцад үүсч бий болно.
·         Хүний эрх, эрх чөлөөг бататган бэхжүүлэхтэй холбогдож үүссэн харилцаа. Энэ харилцаа нь бие хүний эрх зүйн байдал, иргэний харъяалал, МУ-д хууль ёсоор оршин суугаа хүн бүгд эрх тэгш байх зарчим, иргэдийн хувийн болон улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын эрх, эрх чөлөө, баталгаа, иргэдийн үндсэн үүрэг, журамт үүргийг бататган бэхжүүлэх явцад үүснэ.
·         Төрийн байгууллагыг бататган бэхжүүлэхтэй холбогдож үүссэн эрх зүйн харилцаа. Энэ харилцаа нь төрийн эрх мэдэл хуваарилах зарчмын дагуу хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл, түүнийг хэрэгжүүлэгч байгууллагуудын тогтолцоо, зарчим, бүрэн эрх, үйл ажиллагаа, зохион байгуулалтыг бататган бэхжүүлэх явцад үүснэ.
·         МУ-ын төрийн байгууламжийг тогтоон бэхжүүлэхтэй холбогдож үүссэн эрх зүйн харилцаа. Энэ харилцаа нь МУ-ын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааг тогтоон бэхжүүлэхэд үүснэ.
·         Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгааг бататган бэхжүүлэхтэй холбогдож үүссэн эрх зүйн харилцаа. Энэ харилцаа нь Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх эрх бүхий байгууллага Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрх, үйл ажиллагаа, зохион байгуулалтын журмыг бататган бэхжүүлэх явцад үүснэ.
Үндсэн хуулийн эрх зүйн хэм хэмжээгээр нийгмийн харилцааг зохицуулан тохируулах явцад үйлчлэн нөлөөлж буй хууль цаазын арга хэрэгслийн цогцолбор нь уг эрх зүйн зохицуулалтын арга болно. Үүний гол цөм нь төрийн засаглан захирах арга байдаг бөгөөд энэ нь ардчилсан ёсон дээр үндэслэн хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл, үндсэн хуулийн эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх үүргийн хуваарилалтад зохицуулах аргыг ашиглана.
Гэхдээ үндсэн хуулийн эрх зүйн зохицуулах арга нь зөвхөн төрийн засаглах эрх байх бус, төр, иргэн хоёр бие биенийхээ өмнө харилцан үүрэг, хариуцлага хүлээх зарчмын дагуу салбар эрх зүйн зохицуулалтын бүр аргыг хэрэгжүүлнэ. Тухайлбал, МУ-д засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх тухай үндсэн хуулийн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдаж буй эрх зүйн харилцааг зохицуулах арга нь ардчилал байна. Ардчилсан ёс зөрчигдөх явдлыг гаргуулахгүй байх үүргийг төр хүлээж хуулиар хамгаална.
Иргэд хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй гэсэн үндсэн хуулийн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдаж буй эрх зүйн харилцаанд иргэний эрх зүйн зохицуулалтын арга болох тэгш эрхийн арга хэрэгжинэ.
Эх сурвалжЭнэ нь үндсэн хуулийн эрх зүйн хэм хэмжээний илрэн гарах гадаад хэлбэр юм. Үндсэн хуулийн эрх зүйн хэм хэмжээнүүд нь Үндсэн хууль болон ердийн хуулиуд, хууль тогтоомжийн бусад актаар илэрч гарна. Эдгээрийг хууль зүйн хүчин чадлаар нь:
- Үндсэн хууль
- Ердийн хууль
- Хуульчилсан акт гэж ангилж болно.
Үндсэн хууль гэдэг нь нийгмийн суурь харилцааг зохицуулж тогтоосон улс төр, эрх зүйн баримт бичиг мөн. Энэ нь хууль зүйн хүчин чадлын хамгийн дээд түвшинд илэрч тогтоогдсон байдаг.
Ердийн хууль нь Үндсэн хуулиар тогтоогдсон эрх зүйн харилцааг нарийвчлан зохицуулдаг. Өөрөөр хэлбэл, нийгмийн тодорхой төрлийн харилцааг төрөлжүүлэн зохицуулдаг.
Хуульчилсан акт гэдэг нь хуулийг биелүүлэх буюу түүний хэрэгжилтийг зохион байгуулах зорилгоор нийгмийн харилцааны нийтлэг буюу салбарын хүрээнд дагаж мөрдөхөөр төрийн эрх бүхийн байгууллагаас тогтоосон эрх зүйн баримт бичиг юм.
МУ-ын Үндсэн хууль, түүний хөгжил
Улс орон бүрийн нийгэм, төрийн тогтолцоо, иргэдийн эрх, эрх чөлөөг бататган бэхжүүлсэн тулгуур хууль эрх зүйн акт заавал байдаг ба энэ нь тухайн улсын төрөөс нийгмийн харилцаанд оролцох эрх зүйн үндсийг тодорхойлсон тулгуур хууль болж үйлчилж ирсэн юм. Үүнийг дэлхийн улс орнуудад үндсэн хууль гэсэн нэрээр батлан гаргаж, дагаж мөрдөж байна.
Өөрөөр хэлбэл, үндсэн хуулиар төр, ард түмэн, төрийн байгууллага, улс төрийн нам, төрийн бус байгууллага, төр иргэний хооронд үүссэн эрх зүйн хамгийн түгээмэл харилцааг зохицуулдаг.
Аливаа үндсэн хуулиуд нь дараах нийтлэг шинжүүдийг агуулдаг. Эдгээрт:
·         Эрх зүйн нэгдмэл тогтолцоо бүрдүүлэх тулгуур суурь нь болно. Товчоор хэлбэл бусад хуулийнхаа эх сурвалж, хууль зүйн үндэс нь болдог.
·         Нийгмийн амьдралыг зохицуулдаг дээд хууль болно. Энэ нь төр, улс төрийн нам, төрийн бус байгууллагаас гаргаж буй аливаа шийдвэр Үндсэн хуульд нийцсэн, түүний үзэл баримтлал, зарчим, хэм хэмжээнд нийцсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл үндсэн хууль нь бусад хуулиас дээд хүчин чадалтай байж, үндсэн хуулийн дагуу гарна гэсэн үг.
·         Үндсэн хууль нь ард түмний бүрэн эрхийн баталгаа болно. Ард түмэн төрийн үйл хэрэгт оролцох арга хэлбэрийг хуульчилж өгдөг.
·         Төрөөс нийгмийн амьдралыг зохицуулж харилцахад баримтлах зарчмыг тогтоодог. Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зэрэг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим ихэнх үндсэн хуульд тусгалаа олсон байдаг.
·         Үндсэн хуулиар төр, түүний байгууллагын зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсийг тодорхойлдог. Тухайлбал, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж буй байгууллагын зохион байгуулалт, үйл ажиллагаа, орон нутгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг зохицуулна.
·         Үндсэн хуулийг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах журам нь бусад хуультай харьцуулахад онцлогтой. Үндсэн хууль нь урт удаан хугацаанд тогтвортой үйлчилж байвал нийгмийн тогтвортой хөгжлийг хангаж чадна.
Монгол улс төр ёс, хууль цаазын 2000 гаруй жилийн түүхэн уламжлалтай орон билээ. Харин тухайн үеийн нийгмийн байгуулалттай холбогдон XX зууны эхэн үеийг хүртэл орчин үеийн утгаар авч үзэхүйц үндсэн хуульгүй байсан.
Монгол улсын oндсэн хуулийн хөгжлийн үе шатыг төр, эрх зүйн түүхийн болон oндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухаанд олон шалгуураар хэд хэдэн хувилбараар тогтоосон байдаг. Хамгийн ерөнхий буюу он дарааллын шалгуураар дараах байдлаар тогтоож болно. Үүнд:
·         1-р үе шат 1921-1924 он
·         2-р үе шат 1924-1940 он
·         3-р үе шат 1940-1960 он
·         4-р үе шат 1960-1992 он
·         5-р үе шат 1992 оноос хойшхи
1921-24 он хүртэл үндсэн хуулийн чанартай үйлчилж байсан эрх зүйн акт
1921 онд Үндэсний хувьсгал ялсны дараа үндсэн хуульгүй, хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллага ч байгуулагдаагүй байсан үе тул Ардын Засгийн газраас цаг үеийн байдалд тохирсон, шаардлагатай эрх зүйн актыг гарган нийгмийн харилцааг зохицуулж байжээ. Эдгээр актын заримыг нь Үндсэн хуулийн шинж бүхий акт гэж нэрлэдэг байсан. Тухайлбал, Ардын Засгийн газраас батлан гаргасан “Тангарагийн гэрээ”, “Монголын олон засаг ба засаг бус ван гүнгүүдийн эрх хэмжээний дүрэм”, “Улсын түр цагийн хурлын дүрэм”, “Нутгийн захиргааны дүрэм” зэрэг нь анхны үндсэн хууль батлагдах хүртэл үйлчилж байсан.
Анхдугаар үндсэн хууль нь 1924 оны 11-рсарын 26-нд батлагдсан ба оршил хэсэг ба 6 бүлэг 50 зүйлээс бүрдэл болсон. Улсын анхдугаар үндсэн хуульд Монгол улс бүрэн эрхт тусгаар тогтносон улс мөн бөгөөд засгийн эрх ард түмний мэдэлд байх, төр засгийн байгууллагыг сонгон байгуулах, эдгээр байгууллага нь сонгогчиддоо ажлаа тайлагнаж, мөн тэдний хяналтанд байхыг тунхагласан нь бүгд найрамдах засаг байгуулагдаж оршин тогтнох чухал үндэслэл болсон байна.
Нэгдүгээр бүлэг. Монголын жинхэнэ ардын эрх чөлөөг илтгэн тунхаглах нь
Хоёрдугаар бүлэг. Улсын дээд эрхийг барих газрын тухай. Улсын дээд эрхийг Улсын Их Хуралд хадгалах бөгөөд мөн хурлын чөлөө цагт Улсын бага хурал болон түүний чөлөө цагт Бага хурлын тэргүүлэгчид ба Засгийн газрын дунд хадгалуулбал зохино. Уг бүлэг нь дотроо УИХ-ын тухай, Улсын бага хурал болон түүний Тэргүүлэгчдийн тухай, Засгийн газрын болон Эдийн засгийн зөвлөлийн тухай гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.
 Гуравдугаар бүлэг. Нутгийн захиргааны тухай. Аймаг хошуу, сум баг арван гэр хүртэл олон хотын газар орон нутгийн хурал байгуулж аж ахуй ба албан хэргүүдийг гүйцэтгэн явуулахаар зааж өгсөн.
Дөрөвдүгээр бүлэг. Сонгох, сонгогдох эрхийн тухай. Улсын бага хурал, нутгийн хулын төлөөлөгчдийг сонгож байгуулахаар болсон. Сонгох болон сонгогдох эрхгүй хүмүүсийг зааж өгсөн.
Тавдугаар бүлэг. Улсын орлого, зарлагын тухай. Улсын бүх орлого, зарлагын төсөвлөсөн дансыг УИХ болон шаардлагатай бол Улсын бага хурлаар батлах болгосон. Ямар ч зүйлд улсын дансанд оруулж батлагдаагүй бол улсын сангаас гаргаж болохгүй хэмээн зааж өгсөн.
 Зургадугаар бүлэг. Улсын тамга ба сүлд тэмдэг, туг далбаа, тэдгээрийн тухай. Энэ бүлэг нь төрийн бэлгэ тэмдгийн загвар, хэрэглэх журмыг тогтоож өгсөн.
1940 оны Үндсэн хуулийн зорилт, бүтэц
1940 оны 6-р сарын 30-нд тус улсын 8-р их хурлаар 2 дахь үндсэн хуулийг баталсан. 12 бүлэг, 95 зүйлтэйгээр батлагдсан. 1940 оны үндсэн хууль нь ардчилсан хувьсгалаас социалист хувьсгалд аажмаар дэвшин орохын төлөө Монголын ард түмний дэвшлийн үр дүнг бататгасан хууль гэж үздэг. Уг үндсэн хууль нь социалист хэв маягт багтах ангийн шинж чанартай хууль байсан бөгөөд төрийн зорилт чиг үүргийг хуульчилж өгсөн. Уг үндсэн хуулийн дагуу Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооны эхлэлийг тавьж өгсөн.
Энэ үндсэн хууль нь нийгмийн байгууламж, төрийн байгууламж, УИХ, Улсын бага хурал ба бага хурлын тэргүүлэгчид, БНМАУ-ын сайд нарын зөвлөл, орон нутгийн засаг захиргааны эрх барих байгууллага, шүүх, прокурор, БНМАУ-ын орлого зарлага, сонгуулийн журам, иргэдийн үндсэн эрх ба үүргүүд, сүлд тэмдэг, туг, нийслэл, үндсэн хуулийг өөрчлөх журам зэргийг багтаасан байна.
1960 оны Үндсэн хуулийн бүтэц, зорилт, шинж чанар
БНМАУ-ын Ардын их хурлын 4 дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулганаар 1960 оны 7-р сарын 6-нд 3 дахь үндсэн хуулийг баталсан. Энэ нь оршил ба 10 бүлэг, 94 зүйлээс бүрдсэн. Тус улсыг ардчилсан төрийн хэлбэрээр тогтнон хөгжиж байгаа социалист улс мөн гэж тодорхойлсон бөгөөд улсын зорилгыг социализмыг төгөлдөр байгуулж цаашдаа коммунист нийгэм байгуулах явдал мөн хэмээн тодорхойлжээ. Ардын Их хурлыг төрийн эрх барих дээд байгууллага гэж тогтоож өгсөн. Сайд нарын зөвлөлийг төрийн захиргааны дээд байгууллага, шүүн таслах ажлыг Улсын дээд шүүх, аймаг хотын шүүх, тусгай шүүх, хууль хэрхэн биелүүлж бйагааг прокурор хянахаар тус тус тогтоож өгсөн. Хүний эрх эрх чөлөөг тусгахдаа шашин шүтэх, эс шүтэх, цалин хөлс авах, сонгох сонгогдох, сурч боловсрох зэрэг эрхүүдийг хамааруулж үзсэн ч бодит байдал дээр тэр бүр хэрэгжих нөхцөл баталгаа нь бүрэлдээгүй байсан юм.
Төрийн шинж чанар, зохион байгуулалтын ерөнхий зарчмын тухай, эдийн засгийн үндсэн зарчмын тухай, төрийн эрх барих дээд байгууллагын тухай, төрийн захиргааны дээд болон төв байгууллагуудын тухай, орон нутгийн эрх барих болон захиргааны байгууллагуудын тухай, шүүх прокурорын байгууллагын тухай, иргэдийн үндсэн эрх, тэдгээрийг хангах баталгааны тухай, сүлд, далбаа, нийслэлийн тухай, үндсэн хуулийг өөрчлөх, халах тухай зэрэг асуудлуудыг тусгасан болно.
1960 оны үндсэн хууль нь социалист хэв маягийн хууль байсан бөгөөд монгол улсын үзэл сурталжсан түүхэнд уг үндсэн хуулийг улс орноо капитализмыг алгасан социализм өөд хөгжих замд олсон ололтыг бататгасан хууль гэж үнэлж ирсэн юм.
1992 оны Үндсэн хуулийн бүтэц, агуулга, онцлог
БНМАУ-ын АИХ-ын 12 дахь удаагийн сонгуулийн 2 дахь хуралдаанаар хэлэлцэгдэн батлагдаж, 1992 оны 2-р сарын 12-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж байгаа үндсэн хууль нь оршил, 6 бүлэг, 70 зүйлээс бүрджээ. Шинэ үндсэн хууль батлагдсанаар ард түмэн хуучин нийгмийн тогтолцоог үндсээр нь халж төр, нийгмийн байгууллагыг ардчиллын үндсэн дээр цаашид оршин хөгжихүйц чиг баримжаа, үндэс зарчмуудыгн тогтоож, нийтээр дагаж мөрдөх улс төр, эрх зүйн хэм хэмжээний үндсийг тавьж өгсөн. Төрийн эрх мэдэл хуваарилах онолын үндсэн дээр хууль тогтоох эрх мэдлийг УИХ, гүйцэтгэх эрх мэдлийг Засгийн газар, шүүх эрх мэдлийг шүүхэд хуваарилан харилцан хяналт, бие даасан эрх мэдэл бүхий байхаар тогтоож өгсөн. Энэ үндсэн дээр орон нутгийн чөлөөт байдлыг тогтоож нутгийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг тогтоож өгсөн явдал нь маш чухал ач холбогдолтой.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журам
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санаачлагыг хууль санаачлах эрх бүхийн байгууллага, албан тушалтан гаргах бөгөөд саналыг Үндсэн хуулийн Цэц УИХ-д өргөн мэдүүлж болно. Нэмэлт өөрчлөлт оруулах санаачилгыг:
- УИХ-ын гишүүн
- Засгийн газар
- Ерөнхийлөгч гаргах ба энэ санаачилгатай холбогдуулан үндсэн хуулийн цэц санал өгч болно.
Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах бас нэг арга бол УИХ-ын гишүүдийн гуравны хоёроос доошгүй саналаар ард нийтийн санал асуулга явуулж болно. Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар батлахдаа нийт гишүүдийн дөрөвний гурваас доошгүй санал авсан шийдэл хуулийн хүчин төгөлдөр болно. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын нэг удаагийн ээлжит сонгуулийн хугацаанд 2 дахин хэлэлцээд баталж чадаагүй бол шинэ бүрэлдэхүүн ажлаа эхэлтэл авч хэлэлцэхгүй.

УИХ-ын ээлжит сонгууль явуулахаас 6 сарын дотор Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглосон. Одоогийн байдлаар 1992 оны Үндсэн хуульд 1999 оны 12-р сард нэг удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байна.

ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ БРАЗИЛИ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЭРХ ЗҮЙН ТҮҮХ

Бразили улс төрт ёсны түүхэндээ нийтдээ долоон үндсэн хууль мөрдөж ирсэн байх юм. Өнөөгийн үндсэн хууль 1988 оны аравдугаар сарын 5 нд ба...